Өнөөдөр жүдоч Л.Өнөболд, М.Уранцэцэг, Г.Наранцэцэг нар барилдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос зохион байгуулж буй “Токио-2020“ олимпын эрхийн оноо олгох сүүлийн тэмцээн өнөөдөр Унгар улсын нийслэл Будапешт хотноо эхэлж байна.
"Будапешт-2021" насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ий эхний өдөр эрэгтэй 60 кг, эмэгтэй 48 кг жингийн барилдаанаар эхэлж шилдгүүдээ шалгаруулна.
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 46 жүдоч хүч үзэх бөгөөд залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, “Женко” клуб, “Нью Ариг Ус” компанийн тамирчин Лхагважамцын Өнөболд эх орноо төлөөлөн барилдах юм. Тэрбээр эхний даваанд 2018 оны Европын залуучуудын аварга Украины Дилшот Халматовтой учраа таарсан байна. Түүнийг ялбал АНУ-ын Адонис Диазтай 1/16-д учраа таарна.
Улмаар өрсөлдөгчөө ялбал шилдэг 8-д үлдэхийн төлөө “Мастерс”-ийн хүрэл медальт Гүрж гаралтай Нnдерландын Торнике Цжакадоетой барилдах сугалаа таарчээ. Улмаар хэсгийн аваргын төлөө шалгарсан тохиолдолд Казахстаны Гасман Кыргызбаевтай барилдах магадлал өндөр байгаа юм.
Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, “Хүч” спорт хороо, “Хайбрид Хаус” компанийн тамирчин ДАШТ-ий иж бүрэн медальт Мөнхбатын Уранцэцэг С хэсгийг тэргүүлэн барилдана. Тэрбээр эхний тойрогт гоц мөргөсөн, хоёрын даваанд БНСУ-ын О Ён-Жүтэй учраа таарсан.
Улмаар өрсөлдөгчөө ялбал олимпын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальт Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй Галбадрахын Отгонцэцэгтэй 1/8 шигшээд барилдах сугалаа татжээ. Түүний хэсэгт 2019 оны залуучуудын дэлхийн аварга Японы Вакана Кога багтсан бөгөөд манай тамирчинтай ¼ шигшээд учраа таарах магадлал өндөр байна.
Мөн “Алдар” спорт хороо, “Түмэн шувуут”
компанийн тамирчин ОУХМ Ганбаатарын Наранцэцэг эхний тойрогтоо Сербийн Милица
Николичтэй учраа таарлаа. Улмаар өрсөлдөгчөө ялбал ДАШТ-ий мөнгөн медальт Японы Нацүми Цүнодатай
барилдана.
Та бүхэн тэмцээнийг http://judolive01.lb.judobase.org/live/ цахим хаягаар шууд хүлээн авч үзэх боломжтой. ДАШТ-ийг энэ сарын 6-13-ны өдрүүдэд SPS national, SPS fight сувгуудаар 15.40 цагаас хүлээн авч үзээрэй.
Ташрамд дуулгахад, Монголын жүдочид
"Будапешт-2017" ДАШТ-ээс 1 алт, 1 мөнгө, 4 хүрэл медаль хүртэж байсан
билээ.