Хөлбөмбөгчид тивийн аваргын төлөө өрсөлдөх 24 багийн нэгд багтжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний шигшээ баг шинэ япон дасгалжуулагчтай 2023 онд БНХАУ-д зохион байгуулах Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн /АШТ/-ий 24 багийн нэг болж түүхэндээ анх удаа хэсэгт шууд орж тоглох боллоо.
Ирэх намар Ази тивийн АШТ-ий сугалаанд оролцоно. "Нэг баг - Нэг зорилго" уриан дор хамт зүтгэсэн хөл бөмбөгийн үндэсний шигшээ баг, Монголын хөл бөмбөгийн холбоо, зөвлөл болон хөгжөөн дэмжигч, ивээн тэтгэгчид, хөл бөмбөгийн хүрээнийхэндээ баяр хүргэе! хэмээн АХБХ /AFC/-ны дэд ерөнхийлөгч, МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар энэхүү баяртай мэдээллийг түгээлээ.
Тэрбээр, түүхэндээ анх удаа урьдчилсан
шатны 2 дугаар шатанд гарч, F хэсэгт /Япон, Киргизстан, Тажикстан, Мьянмар,
Монгол/ орж дэлхийн аваргын анхны гоол, хэсгийн анхны хожил, хэсгийн сүүлийн
хожил, 100 дахь гоол, ковид гээд амжилт, дурсамж, бас сургамж дүүрэн бараг 3
жилийн аялал байлаа хэмээн онцолжээ.
ДАШТ, 2023 оны АТАШТ-ий 2 дугаар шатанд Монгол Улсын шигшээ баг F хэсэгт багтан бүх тоглолтоо хийж дууссан билээ. Харин өчигдөр хэсгийн сүүлийн тоглолтууд Япон 5:1 Киргиз, Тажикистан 4:0 Мьянмар өндөрлөж, "Талын хөх чононууд" хэсэгтээ 4 дүгээр байрт орсон байна.
Тодруулбал, Мальдивчууд Филиппинтэй тэнцсэнээр Монгол Улсын шигшээ баг Ази тивийн АШТ-ий 3 дугаар шатанд хэсэгт хуваагдан өрсөлдөх 24 багийн нэгээр албан ёсоор тодорлоо.