Зүрх ууланд цаг уурын дэвшилтэт технологи бүхий суурин радар байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-07-05 09:09:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЦУОШГ-аас шинэ үеийн техник, технологи бүхий цаг уурын суурин радарын системийг Чингэлтэй дүүргийн Зүрх ууланд байгуулна.

Уг систем нь X- бандын хатуу төлөвт чадал өсгөгч дамжуулагч дээр суурилсан X-долгионы давтамжтай, хос туйлт допплерын радар аж. Өөрөөр хэлбэл, цаг уурын радарын дэвшилтэт технологи болох найдвартай, тасралтгүй ажиллагааг бүрэн хангасан хатуу төлөвт чадал өсгөгч дамжуулагч дээр суурилсан тул алсаас удирдан, хянах боломжтой, бие даан ажиллах чадвартай, эрчим хүчний хэрэглээ бага байх юм. Радарыг ашиглалтад оруулснаар Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн гамшгийг багасгах, иргэний агаарын тээврийн нислэгийн аюулгүй байдлыг хангах боломж бүрдэх юм.


Хөшигийн хөндийд шинэ нисэх буудал ашиглаж эхлэхтэй холбогдуулан Морин уулан дахь допплерын цаг уурын радарын станцыг шинэчлэх, нөөц радар байгуулж, ашиглалтад оруулах шаардлага үүссэнийг ЦУОШГ анхааралдаа авч, өнгөрсөн онд Засгийн газарт хүсэлт тавьж, хөрөнгө оруулалтыг ийнхүү шийдвэрлүүлжээ.


Морин уулан дахь С бандын цаг уурын допплерын Mitsubishi RC-53C радарын ажиглалтын станц нь богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээ гаргах, нийслэл болон хотын ойролцоох суурин газарт дулааны улирал дахь босоо хөгжлийн үүлнээс үүдэлтэй байгалийн гамшгаас хүний амь нас, эд хөрөнгийг хамгаалж, эрсдэлийг багасгах, иргэний агаарын тээврийн нислэгийн аюулгүй байдлыг ханган ажилладаг.


Цаг уурын допплерын радар ашиглалтад орсноос хойш 22 жилийн турш тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд техник, технологийн хувьд хуучирч хоцрогдон, сэлбэг хэрэгслийн нөөц дууссанаас сүүлийн жилүүдэд үйл ажиллагаа нь доголдож, бүрэн зогсох нөхцөл байдал үүсээд байгаа аж. 

Связанные новости