Хушин ойн 30 гаруй хувийнх нь өсөлт зогсож, доройтжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн ногоон бүсийн хушин ойн төлөв байдлын үнэлгээгээр моддын 60 гаруй хувийнх нь өсөлт саарч буй, 30 гаруй хувь нь өсөлт зогсож, доройтож буй ангилалд хамаарагдаж байна.
Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, хөнөөлт шавжийн
олшрол, ойн түймэр, баялгийн хууль
бус ашиглалт зэргээс хушин ойн сэргэх, моддын өсөж
ургах нь удаашрах хандлагатай байгааг Нийслэлийн байгаль орчны газрын цахим хуудаснаа мэдээлжээ.
Улаанбаатар хотын ногоон бүсийн ойгоор бүрхэгдсэн нийт
талбай 95233 га. Үүнээс 90647
га талбайд байгалийн ой мод тархан
ургаж, гарал үүслийн хувьд байгалийн аясаар сэргэн ургасан шилмүүст ой зонхилж
байна.
Ногоон бүсийн ойгоор бүрхэгдсэн талбайн 17.3 хувь буюу 16520 га талбайд хушин ой ургадаг бөгөөд ус цуглуулах, мөнх цэвдгийг тогтоон барих, хөрсийг элэгдэл эвдрэлээс хамгаалах, биологийн олон янз байдлын амьдрах тааламжтай орчныг бүрдүүлэх экологийн ач холбогдолтой аж.