“Сүхбаатар” хөлөг онгоцны нөхцөл байдлыг тогтоохоор хэд хэдэн удаа гүнрүү шумбалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-08-10 14:46:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Хатгал тосгонд ажиллах үеэр ОБЕГ-ын шумбагчид Хөвсгөл нууранд живсэн Сүхбаатар хөлөг онгоцны хэмжээ, байршил, нөхцөл байдлыг тогтоохоор гүн рүү 4-5 удаа шумбав.


Хөлөг онгоц зүүн талаараа хажуулдаж унаж, доод хэсгээрээ лаг шаварт шигдсэн, зэврэлт бага байгааг тогтоожээ.

1986 онд живсэн 300 тонн жинтэй тус хөлөг онгоц болон бусад машин техникийг татан гаргах нь цэнгэг усны ундарга болсон Хөвсгөл нуурын бохирдлыг багасгахад чухал ач холбогдолтой. Иймд эхний ээлжинд ерөнхий тооцоо, судалгааг энэ сардаа багтаан дуусгах аж. Усны суурь судалгаа хийх ажлын хэсэг нуурын 5-6 цэгт дээж авч шинжлэн, лабораторийн дүгнэлт гаргана. Живсэн техник хэрэгслийг татан гаргах ажлыг зохион байгуулахад шаардагдах хүн, хүчний нөөцийг Батлан хамгаалахын яамнаас гаргах юм.


Монгол Улсын хувьд том хэмжээний машин, техникийг татан  гаргасан туршлага байхгүй. Энэ ажиллагааг эрсдэлгүй зохион байгуулахын тулд ОХУ-аас туршлага, зөвлөгөө авч ажиллана. Оросын аврагчдын бүрэлдэхүүн ирэх 9 сард ирэх юм.

 

Связанные новости