Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрийн 95 орчим хувь нь цөлжжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол орны нийт нутгийн 76.9 хувь нь их, бага хэмжээгээр цөлжөөд буйгаас 8 аймгийн нутаг дэвсгэр газрын доройтолд илүүтэй өртөж, нөхцөл байдал хүндэрчээ.
Монгол орны цөлжилтийн 2020 оны үнэлгээгээр тус аймгийн нийт нутаг дэвсгэрийн 95 орчим хувь нь цөлжиж, газрын доройтол, элсний нүүдэл эрчимжсэн судалгаа гарчээ. Энэ онд Сүмбэр сумын цөлжилт, газрын доройтолд өртсөн 25 га газарт хамгаалалтын ойн зурвас байгуулахаар 50 сая төгрөг шийдсэн бөгөөд БОАЖ-ын сайд Н.Уртнасан энэ ажлын гүйцэтгэлтэй танилцлаа.
Ойжуулалтын
хүрээнд хашаа хамгаалалт хийж, усалгааны тоног төхөөрөмж суурилуулан 1500 орчим
мод, бут тарьсан байна. Тал,
хээрийн бүсэд тохирсон арваад
төрлийн мод бутыг энэ онд
тарьсан аж. Мөн 2, 3 жилийн
настай 1500 орчим суулгацыг худалдаанд гаргахад бэлэн болжээ.
Говьсүмбэр аймгийн сум дундын ойн анги 2015 онд
байгуулагдан, 6 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Өвөлдөө мал идээд, зундаа салхи, шуурга хуулчихдаг гээд мод
тарих, ургуулах амаргүйг Ойн ангийн дарга Э.Шоовдор учирлав. Тэрбээр, төсөв санхүүжилт, хүний хүч, хүрэлцээгүй,
усалгааны ганц машинаа нутгийн үйлчилгээтэй хуваалцан хэрэглэдэг гээд тоочвол
асуудал бийг дурдаад, энэ жил
БОАЖЯ-наас ойн нормыг
шинэчлэн баталсанд талархаж байгаагаа илэрхийллээ.
Ойн ангийн орон нутагтаа хийж буй цөлжилтийн эсрэг ажлуудаас тарьц суулгацаа чамлалтгүй ургуулж байгааг салбарын сайд онцлоод, намрын мод тарих ажилд шаардлагатай усалгааны зардалд 10 сая төгрөгийг гаргахаар боллоо. Мөн ирэх оны төсөвт ойн ангийн техник хэрэглэл, орон тоог нэмэх зардлыг тусгахаар шийдвэрлэснийг Говьсүмбэр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас мэдээлэв.