Малчид бэлчээр ашиглах гэрээ байгуулснаар 20 сая га нутгийг сэргээжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2021-09-10 15:10:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ, Швейцарын Хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй “Ногоон алт-Малын эрүүл мэнд төсөл”-ийн хаалтын ажиллагаа өнөөдөр болов. Хаалтын ажиллагаагаар тус төслийг хэрэгжүүлсэн 17 жилийн үр дүнг цахимаар танилцуулан виртуал байдлаар хүргэж байна. Уг төсөл 2000 оны эхээр манай улсад 3 жил дараалан болсон зуднаар малчид хүнд нөхцөлд ороод байх үед хүмүүнлэгийн тусламж үзүүлснээр анх хэрэгжиж эхэлсэн юм. Улмаар бэлчээрийн менежментийг сайжруулах, энэ талын малчдын оролцоог дэмжин 18 аймгийн 90 мянга гаруй малчныг хамарсан төсөл болон өргөжин өнөөдрийг хүрчээ.




Хаалтын ажиллагаанд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан үг хэлж оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр, төслийн хүрээнд манай улсын 156 суманд малчид бэлчээрийг зүй зохистой ашиглах, бэлчээрийн төлөв байдлын өөрчлөлт хэрхэн явагддаг, бэлчээрийн талхдалт доройтлоос урьдчилан сэргийлэх талаар малчдад мэдлэг олгож, малчид бэлчээр ашиглалтын гэрээ байгуулан ажиллаж ирснээр 20 гаруй сая га нутгийг сэлгэн амрааж, доройтлоос хамгаалж чадаж буйг онцоллоо.




Өнөөдөр хаалтын үйл ажиллагааны үеэр төслөөс үлдэж буй өв, төслийн үр дүнд Монгол Улсын ХАА-д бий болоод буй тогтвортой байдал, хөгжлийн шинэ боломжийн талаар ярилцлаа. Оролцогчид бэлчээрийн зүй зохистой ашиглалт, мал эмнэлэг, малчдын хамтын ажиллагааны байгууллага, хоршоодын туршлагаа хуваалцлаа.

Тодруулбал, талхлагдсан бэлчээрийн сэргэлт, дундын бэлчээрийн ашиглалт, бэлчээр ашиглалтын гэрээний талаар хийж буй ажлаа танилцуулж, цаашид гарах боломжуудын талаар хэлэлцэв. Учир нь төслийн дүнд манай орны малчид бэлчээр нутгаа зохистой ашиглахын төлөө нэгдэж хамтын байгууллага Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоог байгуулан ажиллаж байгаа юм.



“Ногоон алт-Малын эрүүл мэнд төсөл 2004-2021”-ийн хаалтын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Швейцарын Холбооны улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Бернардино Регацони, Швейцарын Хамтын ажиллагааны дарга Стефани Бурри нар, бэлчээр ашиглагч иргэд, малчид, МАА-н эрдэмтэн, мэргэжилтнүүд, төрийн болон олон нийтийн байгууллагын төлөөлөл оролцлоо. 





Связанные новости