Бие даагчид түр үнэмлэх олгосонгүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСЭнэ удаагийн сонгуулиар Увс аймгийн ИТХ-ын 41 суудлын 36-г МАН, 4-ийг АН, нэгийг бие даагч авсан байна.
Аймгийн Сонгуулийн хорооноос энэ сарын 2-нд МАН-ын болон АН-ын нэр дэвшигчдэд аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн түр үнэмлэхийг нь гардуулан өглөө. Харин Улаангом сумын 11-р багт бие даан нэр дэвшиж ялалт байгуулсан сэтгүүлч С.Анхбаярт төлөөлөгчийн үнэмлэхийг нь гардуулсангүй. Тус тойрогт АН-аас аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд, бие дааж сэтгүүлч С.Анхбаяр, МАН-аас С.Амараа нар нэр дэвшсэн юм. Гэвч аймгийн Сонгуулийн хороо С.Амарааг намын харъяаллын асуудал нь будлиантай гэж үзээд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан юм. Иймээс тус тойрогт Ч.Чимэд, С.Анхбаяр нар өрсөлдсөн байна.
С.Амараагийн хувьд өмнөх 4 жилд аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр МАХН-ын даргын хувиар квотоор сонгогдон ажилласан билээ. Энэ сонгуулиар намаасаа гарч, МАН-аас тус тойрогт нэр дэвшсэн бөгөөд үүнийг нь аймгийн Сонгуулийн хороо хүлээн зөвшөөрөөгүй юм. Ямартай ч анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр С.Амараагийн талд гарчээ. Иймээс тус тойрог дээр дахин сонгууль явуулах нь тодорхой болж, бие даан нэр дэвшиж ялалт байгуулсан С.Анхбаярт түр үнэмлэх олгосонгүй.
Увс аймаг Б.Батхүү