Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд ДНБ-ий нэг хувийг зарцуулахыг чиглэл болгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргаж, Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх үндэсний цогц хөтөлбөр боловсруулахыг чиглэл болголоо.
Зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан нар өнөөдөр хэвлэлийн хурлын үеэр танилцуулсан юм.
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, Тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад Монгол Улсын хувь нэмэр, бодит оролцоог нэмэх үүднээс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулан уг хөтөлбөрийг боловсруулахыг чиглэл болгосон байна. Жил бүр Монгол Улсын ДНБ-ий нэг хувиас багагүй хөрөнгийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг тэмцэхэд зарцуулах, улс, орон нутгийн хөрөнгө оруулалтаар байгальд ээлтэй, ногоон байгууламж нэмэхэд зарцуулах эрх зүйн орчин бүрдүүлэхийг чиглэл болгожээ. Түүнчлэн Ойн агентлагийг сэргээн байгуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан Ойн аж ахуйн нэгж байгуулахыг зарлигт тусгасан байна.
Мөн мод тарих ажлыг иргэдийн амжиргааны эх үүсвэртэй холбон “Халамжаас хөдөлмөр эрхлэлтэд шилжих” бодлоготой уялдуулах, иргэн, аж ахуйн нэгжүүдийг бодлогоор дэмжих, иргэдэд мод тарих соёлыг сурталчилах, мод услах усны нөөцийг бүрдүүлэх, хөв, цөөрөм байгуулахад дэвшилтэт технологийг нэвтрүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон байна.
БОАЖ-ын сайд Н.Уртнасан, “Нэг тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж, 10 жилийн хугацаанд хэрхэн зохион байгуулах ажлын багуудыг байгуулсан. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт газар нутгийн 76.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна. Нэг тэрбум мод тарих ажлыг үр дүнтэй хэрэгжүүлж чадвал нэн их цөлжсөн 120 сая га талбайн хэмжээг 4 хувиар бууруулах, ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг есөн хувьд хүргэж, хүлэмжийн хийн ялгарлыг 600 мянган тонноор буурна гэсэн тооцоолол бий” гэлээ.
Мөн тэрбээр нэг тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн өрнүүлэх шийдвэр гарсны дараа хувийн хэвшлийн томоохон компаниуд 10 жилийн хугацаанд 20-120 сая мод тарих санаачилга гаргаж байгааг онцлоод энэ хөдөлгөөнийг төр, хувийн хэвшлийн уялдаа холбоог хангана гэдгээ онцолсон юм.
Нэг тэрбум мод тарих ажлыг 3 үе шаттай зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Нэгдүгээр шат буюу бэлтгэл үеийг 2021-2024 онд, эрчимжүүлэх буюу хоёрдугаар шатыг 2024-2026 онд хэрэгжүүлэх юм. Харин 2027-2030 онд тогтвортой үргэлжлүүлэх үе буюу гуравдугаар шатыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Ташрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн сарын 22-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэхдээ уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх үүднээс Монгол Улс тэрбумаар тоологдох хэмжээний модыг 2030 он гэхэд тарихаар төлөвлөж буйг мэдэгдсэн билээ.