“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд ШУА-ийн эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн баг ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2021-10-04 14:52:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2030 он хүртэл Монгол Улс тэрбум мод тарих санаачилга гаргасныг ШУА-иас дэмжин ажиллахаар боллоо. 


ШУА-иас мэргэжлийн  эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн ажлын баг байгуулж байгаа бөгөөд тус ажлын баг өнгөрсөн 7 хоногт хуралдаж дараах шийдвэрийг гаргасан байна.  

Үүнд:

-"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд ШУА-иас урт, богино хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан, байгалийн аль бүс бүслүүрт ямар мод, бут, сөөг тарихад тохиромжтой талаар шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, шинжилгээний ажлын үр дүнд суурилсан зөвлөмж, аргачлал, гарын авлага гаргаж, тухайн орчинд дасан зохицох модыг тариалахыг зөвлөх, Монгол орны байгалийн харилцан адилгүй бүс нутагт тохирсон ган, цөлжилтөд тэсвэртэй сортыг бий болгох,

-Иргэд олон нийтэд зориулсан богино хугацааны сургалтуудыг өнөөдрөөс эхлэн ирэх хаврын мод тариалалт хүртэл үе шаттай зохион байгуулах, мөн ойн санг гэрээгээр эзэмшдэг нөхөрлөлийн гишүүд, малчин, тариаланч айл өрхийн хэрэгцээнд мод тарих шаардлага, ач холбогдол, хүртэх үр ашгийг таниулан сурталчлах ажлыг  зохион байгуулах, ойн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх,

-"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдэж байгаагаа илэрхийлж, нээлтийн үйл ажиллагаанд зориулан шинжлэх ухааны салбарын ажилтнуудын төлөөллийн мод тарих ажлыг Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн Ботаникийн цэцэрлэг, Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Дамбадаржаа дахь туршилт, судалгааны мод үржүүлгийн газарт 10-р сарын 9-ний өдөр  хамтран зохион байгуулах,

-Тарьсан модыг ургуулах нь чухал учраас урт хугацаанд тогтвортой ургуулан авч явах, түүнээс ашиг хүртэх ногоон бизнесийн орчин бүрдүүлэх менежментийг боловсронгуй болгоход анхаарах, доройтсон болон цѳлжилттэй нутгуудад мод тарих ажлыг эрчимжүүлэх, ашигтай бичил биетний био болон органик бордоо туршиж модны төрөл зүйл болон бүс нутгийн онцлогт тохирсон хувилбарыг гаргах, мод тарьсны дараа тарилтын техник, тарьсан модны зүйлийн онцлог, бордооны хувилбарууд нь хѳрсний үржил шимийг нэмэгдүүлж буй эсэх, хѳрсний органик нэгдлийн хуримтлалд био бордоо болон органик бордоо хэрхэн нѳлѳѳлж байгааг судлах,

-“Ойн агентлаг” байгуулах, ойн ангиудыг Монгол орны байгаль цаг уурын харилцан адилгүй бүс нутгуудад байгуулах,  ойн суурин судалгаа болон мод үржүүлгийн газрын үйл ажиллагааг бэхжүүлэх, хуучны услалтын системүүд болон гол мөрөн, гадаргын усаа түшиглэн мод, сөөг тарьж ургуулах ажлыг төлөвлөх, одоогийн нөөц бололцоо, чадамжаа тооцоолох, доройтсон ой, бусад экосистемийг нөхөн сэргээх, мод тариалалтын ажилд шинэ техник, технологи, инновацыг нэвтрүүлэн үр өгөөжийг дээшлүүлэхэд анхаарч ажиллахаар боллоо.

 

Связанные новости