Зуун буудалт даамын хотын аваргаар Ц.Сүхбат, Б.Мөнхжин нар тодров
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 43, эмэгтэйчүүдийн 27 дахь удаагийн зуун буудалт даамын тэмцээн амралтын өдрүүдэд “Монгени” цогцолбор сургуульд боллоо.
Нийслэлийн даамын холбооноос зохион байгуулсан тус тэмцээнд эрэгтэй 52, эмэгтэй 24 даамчин оролцсон юм.
Швейцар системээр есөн өрөг тоглож дүнгээ гаргахад эрэгтэйчүүдээс ДДХМ /Дэлхийн даамын холбооны мастер/ Ц.Сүхбат /Монгени/ 15 оноогоор тэргүүлж, ДДХМ Ц.Хашчулуун /Дебют/ 15, ОУИМ /Олон улсын их мастер/ Р.Манлай /Алтан хүү/ 13 оноогоор удааллаа.
Эмэгтэйчүүдээс ДДХМ Б.Мөнхжин /Алтан хүү/ 15 оноотой
аваргалж, ОУИМ Б.Мишээл /БЗД/ 13, ДДХМ Э.Хүслэн /Алтан хүү/ 13 оноогоор мөнгө,
хүрэл медалийн эзэд болсон.
Тэмцээний өсвөрийн
ангилалд ДДХДМ Б.Энхрийлэн /БЗД/, дэд мастер Э.Даариймаа /Ирээдүй/,
ахмадын ангилалд спортын мастер Б.Ганзориг /Алдар/, Д.Чойжилсүрэн /Сонгодог
байрлал/ нар тэргүүлж, тусгай шагналыг спортын мастер Б.Пүрэвбаатар /БЗД/, ОУИМ М.Нямжаргал
/Говь-Хангай/ нар хүртсэн байна.
Ташрамд сонирхуулахад, Улаанбаатар хотын аварга шалгаруулах анхны тэмцээн 1966 онд болж, спортын мастер Б.Амарсанаа түрүүлж байжээ. Тус тэмцээнд эрэгтэйчүүдээс спортын мастер Т.Пүрэвдорж хамгийн олон буюу 7 удаа, эмэгтэйчүүдээс ДДХМ С.Саранцэцэг 6 удаа түрүүлсэн юм. Харин тодорхой шалтгааны улмаас 2009 оноос хойш хотын АШТ тасарсан бөгөөд Нийслэлийн даамын холбооноос ийнхүү сэргээж, цаашид жил болгон өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн ангиллаар зохион байгуулахаар болжээ.