Израилд вакцины нэмэлт тунг эрт тарьж эхэлсэн нь үр дүнгээ өгч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-11-12 11:01:15

ЙЕРУСАЛИМ. /DW/. Цар тахал дэгдэж эхлэх үеэс Израил “COVID-19”-ийн вакциныг хурдан хугацаанд татан авах гэрээ байгуулж, хожим нь вакцинжуулалтыг эрчимтэй явуулж, гуравдугаар сараас вакцинд хамрагдсан хүмүүст эрх чөлөөг олгох “ногоон паспорт”-ыг танилцуулснаар халдварын үзүүлэлтүүд эрс буурсан юм.


Зургаадугаар сард Европын орнууд COVID-19”-ийн вакцинжуулалтын аянаа дөнгөж эрчимжүүлж эхэлж байхад Израил битүү орчинд амны хаалт зүүх гэх мэт хязгаарлалтын ихэнх арга хэмжээнүүдээ цуцалж, ард иргэдийн амьдрал хэвийн хэмнэлдээ эргэн орсон гэж хэлж болно. 


Гэтэл зургаадугаар сарын дунд үеэс “Дельта” хувилбар вакцинжуулалтын түвшин өндөр байгааг үл хамааран тархаж эхэлсэн. Улмаар Засгийн газар “BioNTech-Pfizer” компанийн вакцины гурав дахь тунд ард иргэдээ хамруулах аяныг наймдугаар сараас эхлүүлж, гурав дахь тунд хамрагдах насыг үе шаттайгаар бууруулснаар одоо 12-оос дээш насныхныг хамруулж байна.


Израилд "COVID-19"-өөр халдварласан тохиолдлын үзүүлэлт /2020 оны хоёрдугаар сараас 2021 оны 11 дүгээр сар/


“Вакцины нэмэлт тун Израилыг аварсан гэдэгт эргэлзэхгүй байна. Амьдрал хэвийн хэмнэлдээ, гэхдээ шинэ хэвийн хэмнэлд эргэн орж байна. Бид амны хаалтаа тайлахгүй. Битүү орчинд байгаа тохиолдолд амны хаалтаа зүүсэн хэвээр байх болно” гэж Вейцманы нэрэмжит шинжлэх ухааны хүрээлэнгийн тархвар судлалын профессор Габриэль Барбаш хэллээ.


COVID-19”-тэй дасан зохицож амьдрах Израилын стратеги эхэндээ маргаан дагуулж байсан ч үр дүнгээ өгч байна. Сургууль, аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, халдварын үзүүлэлтүүд эрс буурч байна. Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүнд өвчтөнүүдийн тоо буурсныг ч гэсэн онцлон дурдах нь зүйтэй. Засгийн газар нэмэлт тунг тарихаас гадна битүү орчинд амны хаалт зүүх журмыг дахин тогтоож, вакцинжуулалтад хамрагдсан байдал, “COVID-19”-өөс эдгэрснийг нотлох “ногоон паспорт”-ын хязгаарлалтыг чангатгажээ.


Израилын хүн амын "COVID-19"-ийн вакцинд хамрагдсан үзүүлэлт /2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар/ 


Ийнхүү энэ долоо хоногийн байдлаар, Израилын хүн амын тэн хагас орчим нь нэмэлт тунг тариулаад байна. Харин 700 мянган хүн вакцинд огт хамрагдаагүй байгааг Эрүүл мэндийн яамны мэдээлэл харуулж байна. Одоо тус улсад 5-11 насны хүүхдүүдийг вакцинжуулахтай холбоотой хэлэлцүүлэг өрнөж байна. Лхагва гаргийн орой эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийн ажлын хэсэг бага насны хүүхдүүдэд вакцин тарихыг зөвшөөрчээ. Израилын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, хүүхдүүдэд тарих вакциныг ирэх долоо хоногт хүлээн авах төлөвтэй байна. 

Связанные новости