“Бүргэдийн баяр-2021” ирэх сарын 4-5-нд болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавируст халдварын нөхцөл байдал, хязгаарлалт хорионоос үүдэн сүүлийн жил зохиогдоогүй өвлийн аялал жуулчлалын баярыг сэргээж байна. Тухайлбал, казах түмний уламжлалт, “Бүргэдийн баяр-2021” ирэх сарын 4-5-нд Баян-Өлгий аймгийн Бугат сумын нутаг, Саят толгойд болох тухай нийслэлийн Аялал жуулчлалын газраас өнөөдөр мэдээллээ.
Энэ удаагийн бүргэдийн баярыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн БОАЖГ, Монголын Бүргэдчидийн холбоо, Казах шувуулахуйн холбоо, Монгол Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газар (УТХГ)-ын Хамгаалалтын захиргаа, Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргаа хамтран зохион байгуулж байна. Бүргэдийн баяраар казахуудын уламжлалт зан үйл, тэмцээнийг гадна, дотны зочдод үзүүлэх аж.