Сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтаа тодорхойлохыг зөвлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-07-14 16:02:10

“Ази Европын бизнесийн 15 дугаар чуулга уулзалт”-ын дөрөв дэх салбар хуралдаанаар “Хөрөнгө оруулалт ба ногоон хөгжил” сэдвийг хөндлөө.

Үндсэн илтгэлийг Европын сэргээн босголт хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч, доктор Луис Холлшер, БОНХ-ийн сайд асан С.Оюун нар тавьсан юм.

 “Хөрөнгө оруулалт ба ногоон хөгжил” салбар хуралдааныг Европын хөрөнгө оруулалтын банкны Хятад, Монгол хариуцсан захирал Виржил Нае, “Clean energy asia” компанийн захирал Д.Ганхуяг, Софт банк эрчим хүчний корпорацийн дэд ерөнхийлөгч Шигеки Мива нар удирдав. Тус хурлаар хөрөнгө оруулалтыг дэмжих, хөнгөвчлөх, компанийн засаглал, санхүү, нээлттэй засаглал, гадаадын шууд хөрөнгө оруулалт, хариуцлагатай бизнес эрхлэлт болон ногоон хөгжил дэх хөрөнгө оруулалтыг дэмжих, ногоон аж үйлдвэрлэл, ногоон технологид хөрөнгө оруулах, хөрөнгө оруулалтыг татах, сэргээгдэх эрчим хүчний асуудалд төвлөрч ярилцлаа.

 Монгол Улсын хувьд эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах  эх үүсвэрийг бий болгох нь чухал гэдгийг илтгэгчид онцоллоо. Манай улсын  стратегид эрчим хүчний үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг 2020 он гэхэд 20 хувь, 2030 он гэхэд 30 хувь хүртэл нэмэгдүүлэхээр зорьж буй юм. Мөн эрчим хүчний аюулгүйн нөөцийг 20 хувьд хүргэж иргэн бүрийг эрчим хүчээр хангах зорилт тавьсан. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс манай улс 37.4 мВт эрчим хүчийг гарган авч байгаа аж. Монгол Улсад шаардлагатай нийт эрчим хүчний 20 хувийг хангах салхины нөөц бий гэсэн тооцоо бий. Уг  нөөцөөр  эрчим хүч үйдвэрлэхэд хэр хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай вэ гэдгээ тодорхойлох нь чухал гэдгийг гадны төлөөлөгчид зөвлөв. Сэргээгдэх эрчим хүчний салбарт  ногоон хөгжлийг хөгжүүлэхэд жилд 1.5-1.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатайг манай мэргэжилтнүүд тооцжээ. Хөрөнгө оруулалтаа татахын тулд тогтвортой ногоон хөгжлийн асуудалд төвлөрч төсөл боловсруулах нь чухал гэдгийг төлөөлөгчид тодотгож байна.

Б.Заяа

Связанные новости