Англид хязгаарлалтын арга хэмжээнүүдийг чангатгана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-12-09 13:44:29

ЛОНДОН. /BBC/. Англид “омикрон” хувилбарын тархалтыг хязгаарлахын тулд мөрдөх шинэ журмын хүрээнд иргэдээс боломжтой тохиолдолд гэрээсээ ажиллаж, олон нийтийн ихэнх газруудад амны хаалт заавал зүүхийг хүсэхээр болжээ. Мөн ирэх долоо хоногоос шөнийн клуб гэх мэт үйлчилгээний газруудаар үйлчлүүлэгчдээс “Covid”-ын гэрчилгээ шаардана.


Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Засгийн газраас хэрэгжүүлэх “COVID-19”-тэй тэмцэх нэмэлт дүрэм журмын талаар танилцуулах хэвлэлийн бага хурлын үеэрээ, “Энэ бол хөл хорио бус “Б” төлөвлөгөө” гэдгийг цохон тэмдэглэсэн байна. Тэрбээр арга хэмжээнүүдийг чангатгахыг зохистой, хариуцлагатай алхам хэмээн тодорхойлжээ.


Мөн Ерөнхий сайд “омикрон” хувилбарын талаар судлах зүйл олон байгааг онцлоод, хэтийн төлөв төсөөлж байснаас нааштай байх төлөвтэй байгаа ч эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо, улмаар нас барсан тохиолдлын тоог олноор нэмэгдүүлж болзошгүйг сэрэмжлүүлжээ. Түүний хэлснээр, шинэ хувилбарын тохиолдол урьдчилсан дүн шинжилгээгээр 2.5-3 хоног тутамд хоёр дахин нэмэгдэж болзошгүй байгаа аж.


Шинэ дүрэм журмын дагуу баасан гаргаас эхлэн театр, кинотеатр зэрэг олон нийтийн үйлчилгээний газруудад амны хаалт заавал зүүх шаардлагатай бол даваа гаргаас боломжтой тохиолдолд гэрээсээ ажиллахыг иргэдээс хүснэ. Түүнчлэн лхагва гаргаас шөнийн клуб, 500-гаас дээш хүний багтаамжтай заалтай газрууд, 4000-гаас дээш хүн хүлээн авдаг гадаа талбай, 10 мянгаас дээш хүн оролцох үйл ажиллагаанд “Covid”-ын паспортыг шалган нэвтрүүлнэ.


Их Британид өнөөдрийн байдлаар “омикрон” хувилбарын 568 тохиолдол бүртгэгдээд байгаа ч тус улсын Эрүүл мэндийн аюулгүй байдлын газар халдварын бодит тоон үзүүлэлт ойролцоогоор 20 дахин их байж болзошгүй гэж тооцоолж байгаа ажээ. 

Связанные новости