Данид “COVID-19” халдварын тохиолдол олноор нэмэгдэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-12-14 15:18:16

КОПЕНХАГЕН. /AFP/. Данид даваа гарагт “COVID-19” халдварын 7799 тохиолдол илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.


Мөн сүүлийн долоо хоногт илэрсэн халдварын тохиолдол урьд бүртгэгдэж байгаагүй хамгийн өндөр үзүүлэлтэд /46189/ хүрсэн нь өмнөх долоо хоногийнхоос 50 гаруй хувиар өссөнийг тус улсын эрүүл мэндийн байгууллагуудын мэдээлэл харуулж байна.


Өнгөрсөн долоо хоногт 185 451 хүнд “PCR” шинжилгээ хийснээс 4.21 хувийнх нь хариу эерэг гарчээ. Энэ нь Данид “COVID-19”-ийн шинжилгээг үнэгүй хийж эхэлснээс хойш долоо хоногт шинжилгээнд хамрагдсан хүмүүсийн хариу нь эерэг гарсан хамгийн өндөр үзүүлэлт болжээ.


Даваа гаргийн байдлаар улсын хэмжээнд “омикрон” хувилбарын 3437 тохиолдол илрээд байна. Тодруулбал, нямаас даваа гаргийн хооронд 966, бямбаас ням гаргийн хооронд 631, баасангаас бямба гаргийн хооронд 560 тохиолдлоор тус тус нэмэгджээ.


Данийн халдварт өвчин судлалын “State Serum Institute” хүрээлэн даваа гарагт гаргасан мэдэгдэлдээ “омикрон” хувилбар энэ долоо хоногоос давамгайлан тархаж болзошгүйг сэрэмжлүүлсэн байна.


Мөн эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд “омикрон”-ы тархалтыг зогсоохын тулд “COVID-19”-ийн вакцины нэмэлт тунг тун удахгүй 40-өөс дээш насныханд тарина гэдгийг мэдэгдээд байна. Өнөөдрийн байдлаар тус улсад таваас дээш насны хүн амын 80.6 хувь нь вакцины хоёр тунд хамрагдаад байгаа юм.


“Шинэ, хурдан халдварладаг “омикрон” хувилбарын улмаас 40-өөс дээш насны иргэдэд гурав дахь тун вакциныг тарихаар шийдвэрлэлээ. Ингэснээр ийм насны хоёр тун вакцинаа хийлгээд дөрвөн сар хагасын хугацаа өнгөрсөн хүмүүс нэмэлт тунд хамрагдах боломжтой” гэж Данийн Эрүүл мэндийн газар мэдээлжээ.


Өнгөрсөн долоо хоногт Европын Эмийн агентлаг /EMA/ гурав дахь тун вакциныг хоёр тун тариулснаас гурван сарын дараа хийлгэхэд “аюулгүй, үр дүнтэй” гэдгийг мэдэгдсэн юм.


“Омикрон” хувилбарын хувьд “дельта”-гаас хурдан халдварладаг, вакцины үйлчлэлийг бууруулдаг байж болох ч хүндээр өвчлүүлдэггүй бололтой байна” гэж ДЭМБ ням гарагт мэдээлсэн билээ.


Данийн эрх баригчдын хувьд халдварын тархалтыг сааруулахын тулд өнгөрсөн долоо хоногт хязгаарлалтын шинэ арга хэмжээнүүдийг дахин танилцуулж, сургууль, коллежуудыг түр хааж, ажилтнуудад алсаас ажиллахыг уриалжээ. 

Связанные новости