Хорват, Словенид “омикрон” хувилбарын анхны тохиолдлууд илэрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ЗАГРЕБ. /Anadolu/. Хорват, Словенид коронавирусний хурдан тархдаг “омикрон” хувилбарын анхны тохиолдлууд бүртгэгдсэн талаар тус улсын эрүүл мэндийн байгууллагууд мэдээлжээ.
Хоёр орны Эрүүл мэндийн яам халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байгаагаа мэдээлсэн байна. Тархвар судлаач Бернард Каличийн хэлснээр, ойрын өдрүүдэд “омикрон” хувилбарын тохиолдлууд нэмж бүртгэгдэх төлөвтэй байна.
Хорватын 4.2 сая
хүн амын 54 орчим хувь нь вакцинд хамрагдаад байгаа нь Европын Холбооны дунджаас
хавьгүй доогуур байна. Тус улсад “COVID-19” халдварын улмаас 11 мянга гаруй хүн нас баржээ.
Харин Словенид Микробиологи, дархлаа судлалын хүрээлэнд нарийвчлан шинжилсэн дээжээс “омикрон” хувилбар илэрчээ. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайд Янез Поклукар “омикрон”-ы тархалт “COVID-19”-ийн шинэ давлагаа үүсгэж болзошгүйг анхааруулсан байна.
Мөн өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдлын бууралт саарч байгааг тэрбээр тэмдэглээд, вакцинд хамрагдахыг иргэддээ уриалжээ. Өнөөдрийн байдлаар Словенийн 2.76 сая хүн амын 55.8 хувь нь вакцинд хамрагдаад байгаа бол халдварын улмаас 5436 хүн нас барсан байна.
“Омикрон” хувилбар шинэ жилийн баярын амралтын дараа Серби, Монтенегро, Босни-Херцеговинд мөн тархах магадлалтай байгааг мэргэжилтнүүд анхааруулаад байгаа ажээ.