Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар энэ сарын 23-наас хүйтний эрч чангарна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв.
2021 оны 12 дугаар сарын 22-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 22-нд баруун, төв, зүүн аймгуудын
нутгийн зарим газраар, 23-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар
цас орж, явган шуурга шуурна. Салхи 22, 25-нд нутгийн зүүн хэсгээр, 23-нд говь,
тал, хээрийн нутгаар, 24-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч
ширүүснэ. 23-наас хүйтний эрч чангарч Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын
хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Хэрлэн, Онон, Улз, Халх
голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 23-28
градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн
уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө,
Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 18-23 градус,
говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус,
бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.