Долоо хоногт коронавирусний халдвар авсан хүний тоо 11 хувиар нэмэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ЖЕНЕВ. /TASS/. 12 дугаар сарын 20-26-ны хоорондох долоо хоногт дэлхий даяар 4 985 093 хүн коронавирусээр халдварлаж, 44 680 хүн нас баржээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) халдварын тархалтын талаарх долоо хоног тутмын мэдээлэлд дурдсанаар, шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдол 11 хувиар нэмэгдсэн бол нас баралтын тохиолдол өмнөх долоо хоногтой харьцуулахад 4 хувиар буурсан байна.
Америкт өвчлөл 39 хувь, Африкт 7 хувь, Европт 3 хувиар өссөн бол Зүүн Өмнөд Азид 12 хувь, Газрын Дундад тэнгисийн зүүн хэсэгт 3 хувиар буурсан байна. Нас баралтын тохиолдол Африкт 72 хувь, Зүүн Өмнөд Азид 9 хувь, Америкт 7 хувиар нэмэгджээ. Үүний зэрэгцээ энэ үзүүлэлт Европт 12 хувь, Газрын Дундад тэнгисийн зүүн хэсэгт 7 хувь, Номхон далайн баруун бүсэд 3 хувиар буурсан байна. Долоо хоногт илэрсэн халдварын 57 хувь нь, нас баралтын 53 хувь нь Европт бүртгэгджээ.
Долоо хоногт халдварын хамгийн олон тохиолдол АНУ-д (1 185 653) илэрсэн байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад тус улсад халдвар авсан хүний тоо 34 хувиар өсжээ. АНУ-ын араас Их Британи (халдварын 611 864 тохиолдол илэрч, 20 хувиар өссөн), Франц (504 642, 41 хувиар өссөн), Итали (257 579, 62 хувиар өссөн), Герман (197 845, 30 хувиар буурсан) орж байна.
ДЭМБ-ын мэдээлснээр, 12 дугаар сарын 28-ны байдлаар, дэлхий даяар цар тахал дэгдсэнээс хойш нийт 280 119 931 хүн халдвар авч, 5 403 662 хүн нас баржээ.
Коронавирусний шинэ “омикрон” хувилбарын эрсдэл "маш өндөр хэвээр байгааг" ДЭМБ-ын халдварын тархалтын талаарх долоо хоног тутмын мэдээлэлд тэмдэглэсэн байна. "“Омикрон” хувилбар нь “дельта”-гаас хурдацтай тархаж, тархалт нь хоёроос гурван өдрийн дотор хоёр дахин нэмэгдэж байгааг ирж мэдээллүүд харуулж байна” гэж ДЭМБ онцлон тэмдэглэжээ. Халдвар авсан хүний тоо хэд хэдэн оронд, тэр дундаа “омикрон” хувилбар давамгайлах болсон Их Британи, АНУ -д хурдацтай нэмэгдэж байна. Харин Өмнөд Африкт өвчлөл буурч эхэлжээ.