Испанид халдвар авсан хүмүүсийн тусгаарлагдах хугацааг богиносгожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
МАДРИД. /Reuters/. Испанид “COVID-19”-ийн шинжилгээний хариу нь эерэг гарсан хүмүүсийн тусгаарлагдах хугацааг 10 хоног байсныг долоо хоног болгон богиносгосон талаар тус улсын Эрүүл мэндийн яам мэдээллээ.
Эрүүл мэндийн сайд Каролина Дариас болон мужийн эрүүл мэндийн асуудал хариуцсан төлөөлөгчдийн хурлаар санал нэгтэйгээр ийнхүү шийдвэрлэжээ. АНУ, Их Британи зэрэг орнууд ижил шийдвэр гаргаснаа саяхан танилцуулсан юм.
Испанид халдвар авсан хүмүүсийн тусгаарлалтын хугацаа нь шинж тэмдэг илэрч байгаа эсэхээс үл хамааран урт байгаагаас үүдэлтэй ажиллах хүчний хомсдол зарим үйлдвэрийн үйл ажиллагаанд саатал учруулах болсон байна.
Мөн Эрүүл мэндийн яам халдвар илэрсэн хүмүүстэй ойр байсан хүмүүсийн заавал тусгаарлагдах хугацааг долоо хоног болгон богиносгожээ. Үүнээс гадна спортын үйл ажиллагаанд оролцох хүмүүсийн тоог бууруулсан байна.