Цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр нутгийн хойд хэсгээр, 1 дүгээр сарын 1-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.
2022 оны 1 дүгээр сарын 1-5-ныг хүртэлх цаг агаарын
урьдчилсан төлөв танилцуулж байна. Нэгдүгээр сарын 1, 4-нд зүүн
аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд Хэнтийн уулсаар, 3-нд Халх голын
сав газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи 1, 2-нд говь, тал, хээрийн
нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан
голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 35-40
градус, өдөртөө 25-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг,
Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий,
Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус, цас
багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 14-19 градус,
өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус
хүйтэн байна. 3-наас ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.