Ногоон байгууламжийн талаар сургалт зохион байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ногоон байгууламжийн сургалтыг нийслэлийн 9 дүүргийн холбогдох байгууллагад зохион байгууллаа.
Сургалтыг
нийслэлийн ногоон байгууламжийн 23 хувийг бүрдүүлдэг “Үндэсний цэцэрлэгт
хүрээлэн” ОНӨТҮГ-ын мэргэжлийн, мэргэшсэн инженерээс бүрдсэн баг энэ сарын 12-25-нд цахим болон танхимын хэлбэрийг хослуулан,
халдвар хамгааллын дэглэмийг сахин зохион байгуулжээ.
Дүүргүүдийн ЗДТГ-тай хамтарсан тус сургалтаар модны үр,
тарьц суулгац бэлдэх, мод үржүүлгийн газар байгуулах, модыг зөв тарьж, арчлан
ургуулах тухай, цэцэг, зүлэг
тарих, ногоон байгууламж бүтээх, цэцэрлэгт хүрээлэн бий болгох төлөвлөлт,
ногоон байгууламжийн дөрвөн улирлын арчилгаа зэрэг мэдлэг олгов.
Тэрбумаар тоологдох мод тарихын тулд иргэдэд экологийн
боловсрол олгож, удирдан зохион байгуулах, ажилчдад ногоон байгууламжийн тухай мэдлэг олгох нь чухал юм. Иймд 12 жилийн ажлын туршлагатай, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”
ОНӨТҮГ энэ сургалтыг нийслэл
болон бүх аймагт хийх аж.