Эрдэмтэд агаарын бохирдлыг судалгаанд суурилж, цогцоор нь шийдэхийг зорьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2022-02-07 10:24:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ-ны дэргэд агаарын бохирдлыг цогцоор нь шийдэх Эрдэмтэн, судлаачдын зөвлөл, БОАЖЯ, ЭХЯ хамтран энэ чиглэлд хэрхэн ажиллах талаар судалж, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооныхонтой хоёр дахь удаагаа уулзав.


ОББҮХ-ны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Б.Алтанзул, ШУТИС-ийн зөвлөх, доктор, профессор Д.Баяр, Мэргэшсэн инженерүүдийн холбооны тэргүүн Л.Гэндэнсүрэн, Хүнд аж үйлдвэрийн инженерүүдийн холбооны тэргүүн Ц.Бээжин, “Тавантолгой түлш” ХХК-ийн технологич Т.Болдбаатар, Техникийн ухааны доктор, зөвлөх инженер И.Эрдэнэбаатар нарын эрдэмтэн сайжруулсан шахмал түлшний чанар, технологийг сайжруулах хүрээнд 3 чиглэлээр төлөвлөгөө гаргаж ажиллах саналаа танилцууллаа.


Тухайлбал, сайжруулсан түлшний түүхийн эдийн технологи, үйлдвэрлэл, техник, тоноглол шийдлийг сайжруулах, тээвэр, түгээлтийн үр дүнтэй хувилбарыг сонгох, олон улсын туршлага, технологи судалж, нутагшуулах шаардлагатайг онцолжээ


ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн Тээврийн салбарын эрхлэгч дэд профессор, доктор И.Базаррагчаа БНХАУ, ОХУ, Герман, Франц, Польш, Англи, Солонгос, Испани, Турк зэрэг улс орны шахмал түлшний түүхий эд, технологи, стандарт, үнэ, хэлбэр, хэмжээг харьцуулан судалжээ. Тэрбээр хэлэхдээ “Шахмал түлшний үйлдвэрийг судлахад хамгийн боломжит, чанартай үйлдвэрлэл нь ХБНГУ-ынх байна. Таван толгой түлш компани жилд 600 мянган тн шахмал түлш үйлдвэрлэж, гэр хорооллын 220 мянган айл өрх, аж ахуй нэгж, байгууллагыг түлшээр хангадаг. Германы сайжруулсан түлшний үйлдвэр жилд 1,5 сая тн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Үйлдвэрлэлийн техник тоноглол, хадгалалт, түгээлтийг нэг дор шийдсэн олон давуу талтай. Тиймээс ХБНГУ-ын шахмал түлшний үйлдвэрийн туршлагыг эх орондоо нутагшуулахаар судалж байна” гэв.


Мөн, “БНХАУ-ын техник хямд үнэтэй ч насжилт бага, чанар тааруу. Герман технологи үнэ ихтэй ч 50-60 жилийн настай. Тиймээс хямд үнэтэй, чанаргүйг бус чанартайг нутагшуулах нь зөв. Манай улсад олдоц их, байгальд ээлтэй, эко шахмал түлш үйлдвэрлэж болох өтөг бууц, аргал, хомоол, нүүрсний дээжийг Герман руу судалгаанд явуулсан. Судалгаагаар, мод ихтэй бус нутагт амьдарч буй нэг өрх 5 тн орчим модыг зөвхөн галалгаанд ашиглаж байна. Иймд түлшний модонд тавих хяналтыг сайжруулах, иргэдэд түлшний сонголтыг бий болгох шаардлагатай” хэмээсэн юм.


Сайжруулсан шахмал түлштэй холбоотой иргэдээс ирж буй гомдол саналд Эрдэмтдийн зөвлөл дүн шинжилгээ, судалгаа хийж, энэ сарын 10-нд танилцуулна. Тодруулбал, Германы шахмал түлшний үйлдвэртэй хамтран ажиллах, технологийн гэрээ, хэлэлцээр, санал боловсруулах, Тавантолгой түлш ХХК-ийн Зүүн бүсийн үйлдвэр, техник сайжруулалт, үйлдвэрлэсэн шахмал түлшний хадгалах стандарт, горимыг шийдэхээс гадна шахмал түлшний зуух, техникийн тодорхойлолт бий болгох саналыг үндэслэн БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо, Эрчим хүчний хөгжлийн төвтэй хамтран ажиллахаар боллоо.

Связанные новости