З.Март: Монгол гутлын бүх оёдлыг гараар урладаг тул хүнээс маш их тэсвэр тэвчээр шаарддаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2022-02-12 14:28:36

Увс /МОНЦАМЭ/. 2021 оны ажлаараа “Аймгийн оны тэргүүний үйлдвэрлэлийн ажилтан”-аар шалгарсан З.Марттай уулзаж ярилцлаа.


-Өөрийгөө танилцуулаач?

-Би Тэс суманд төрсөн бөгөөд 10 жилийн сургуулиа төгсөөд Эрдэнэт хотод хөнгөн үйлдвэрийн техникумд савхи, нэхий эдлэлийн мэргэжлээр тусгай дунд мэргэжил эзэмшсэн. Нөхөр, гурван хүүхдийн хамт амьдардаг.

-Хэдийнээс оёдол хийж эхэлсэн бэ?

-Сургууль төгсөөд ирэхэд манай ээж нэг өрөөл булгаар авдартаа хадгалсан байснаар аав, ээж хоёртоо угалзтай монгол гутал оёж өгч баярлуулж байлаа. Тэр цагаас хойш ээжтэйгээ хамтраад монгол гутал оёдог болсон. Уламжлалт аргаар монгол гутал оёхыг анх ээжээсээ сурсан. Дараа нь өөрийнхөө зүтгэлээр хөгжүүлж, илүү нарийн хийцтэй, гурван хавчаартай монгол гутал оёж сурсан. Тэр цагаас хойш өрхийн үйлдвэрлэл эрхэлсээр өдий хүрсэн.

-Та удам дамжсан уран хүн юмаа даа?

-Тийм ээ. Манай нагац талын эмэгтэйчүүд их уран, оёж чадахгүй зүйл байхгүй. Харин эрчүүд нь сураар хазаар, ногт, чөдөр гэх мэт хийж болох бүхий л зүйлийг хийдэг. Манай аавын аав шар эмээл хийдэг хүн байсан, аав маань насаараа гэрийн мод хийсэн. Аав, ээжийнхээ хөдөлмөрч, бүтээлч чанар, ур дүй, авъяас чадварыг өвлөж авсандаа баярлаж, бахархаж  явдаг.

-Бүтээгдэхүүнээ хэрхэн борлуулж байна?

-Олон жил монгол гутал оёсон болохоор өөрийн гэсэн захиалагчтай. Одоогоор ганцаараа ажиллаж байгаа учир захиалгаа дийлэхгүй байна. Өвлийн улиралд захиалга нэмэгддэг. Миний оёсон гутлыг Сэлэнгэ, Булган, Архангай зэрэг аймгаас их захиалж авдаг. Манай аймгийн иргэдийн ихэнх нь монгол гутал оёдог болохоор үнэ хямд байдаг. Иймээс чанартай сайн оёж, өөр аймаг руу явуулж зарахаар илүү үнэ хүрдэг.

-Бусад оёдолчдоос таны гутал юугаараа ялгардаг бэ?

-Би аль болох чанартай, сайн материал авч загварлаг, хүмүүсийн санаанд нь нийцсэн гутал оёж өгдөг. Жишээ нь булчин том гэвэл шилбэ барихгүй өргөн түрийтэй, ул зузаан, бат бөх хийх гэх мэт захиалагчийн сэтгэлд нийцсэн гутал оёж өгдөг. Тийм ч болохоор тэр хүмүүс эргэж холбоотой байдаг.

Монгол гутал бол гараар оёдог оёдлуудаас хамгийн хатуу нь, хүнээс тэсвэр тэвчээр маш их шаарддаг. Оёдлын машинаар оёдог нэг ширхэг ч юм байдаггүй учраас илүү үнэ цэнтэй байдаг.

-Зөвхөн монгол гутал оёж байна уу?

-Хүүхдийн монгол гутал, бойтог, буриад гутал, мөн загварын монгол дээл, европ хувцас оёдог.

-Туслах ажилтан авч ажиллуулж байв уу?

-Хүн авч ажиллуулж үзсэн, санаанд нийцтэл оёж өгдөггүй хэцүү юм билээ. Заасаар байтал өөрийн ажил ч урагшаа явдаггүй. Хүн сургаж авч ажиллуулдаг хүмүүс ондоо байдаг байх. Би лав чадахгүй юм билээ.

-Ажилдаа хэр сэтгэл ханамжтай байдаг бэ?

-Захиалгын дагуу оёсон гутлаа аваад хүмүүс баярлалаа, гоё болсон байна гэхээр мөнгөнөөс илүү сэтгэл ханамж авдаг.

-Төсөл хөтөлбөрт хамрагдаж байсан уу?

-Өнгөрсөн жил аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас 3 сая төгрөгийн төсөл авсан. Энэ төсөл маань хүүгүй, гурван жилийн хугацаанд буцааж төлдөг нь их дэмжлэг болсон. Материалаа бөөнөөр нь хотоос татаж аваад оёхоор илүү ашигтай байгаа.

Энэ өвөл захиалгадаа дарагдчихсан сууж байтал аймгийн ХХҮГ-ын хүмүүс ирээд уулзаад овог нэр асуугаад явсан. Мөн аймгийн захиргааны төсөл хөтөлбөр хариуцсан ажилтан ирж уулзсан. Намайг шагналд тодорхойлох гэж байна гэж бодоогүй, төсөл хөтөлбөрийн талаар явж байна л гэж бодсон. Тэгээд энэ мэдээг сонсоод олон жилийн хөдөлмөрийг минь үнэлсэнд маш их баярласан.

-Танд баярлалаа.

 

Связанные новости