З.Батбаяр: Нөөцөлж хуримтуулах нь усны хомсдолоос гарах ганц зөв гарц

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2022-02-22 16:22:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс усны хомсдолд ороод байна. Энд аюултай түвшинд ирж, улаан гэрэл хэдийнэ ассан. Үүнийгээ олон улсад зарлах хэрэгтэй байна гэж “Усны төлөө иргэдийн нэгдэл”-ийн тэргүүн З.Батбаяр мэдэгдлээ. Ингэж мэдэгдснээр Монгол Улс усны нөөцийн хомсдолтой орон гэдгээ хүлээн зөвшөөрч, олон улсын анхааралд орох, хомсдолоос гарах арга замыг ярилцах, дотооддоо усны төлөө иргэд нэгдэхийг тэрээр уриллаа.

Усны хомсдолоос гарахын тулд ус хэмнэх, усыг дахин ашиглах, усыг нөөцөлж хуримтлах гэсэн 3 үндсэн арга байдагийг тэрээр тодотгов. Үүгээр дүгнэж хэлэхэд монголчууд нэг үеэ бодвол усыг хэмнэж сурч дадаж байна. Дахин ашиглах дээр 2012 онд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг батлан гаргасны үндсэн дээр өнөөдөр зарим үйлдвэр, ААН усыг дахин боловсруулан ашиглаж, 300 сая ам.долларын хөрөнгө оруулалттай Мянганы сорилын сан (МСС)-гийн төслөөр нийслэлд хоногийн ус хэрэглээний 20-30 хувийг дахин ашиглах үйлдвэр барьж эхэлж буйг дурдав. Гэвч энэ төсөл усны хомсдолыг нийтэд нь бүрэн шийдэж чадахгүй гэдгийг тодотгож байв.  




Дэлхийн усны өдөр жил бүрийн 3 дугаар сарын 22-нд тохиодог. Энэ жил тухайн өдрийг “Газар доорх ус буюу харагдахгүй зүйлийг харагддаг болтол нь ажиллая! гэсэн уриатай тэмдэглэх гэж буйг тэрээр онцоллоо. Мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Усны салбарын мэргэжилтний хувьд та “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд усны хангамж хэр байгаа талаар тодруулна уу?

-Усны салбарын, энэ чиглэлийн эрдэмтэн судлаачдын тогтоосноор Монгол орны 30 гаруй гол, мөрөн дээр ус нөөцөлж хуримтлуулах далан боомтыг барих боломж байдаг. Энэ талаар усны салбарынхан нэгдсэн ойлголттой байдаг юм. Үүний нэг жишээнд Улаанбоомын буюу Тайширын УЦС-ын дэргэд байгуулсан Гэгээн нуурыг хэлж болно. Ингэснээр Алтай хотынхон, говь-алтайчууд хамгийн муу устай байсан бол одоо хамгийн цэнгэг ус уудаг болсон. Яг ийм шийдлээр Орхон, Эг, Сэлэнгэ мөрөн, Туул, хэрлэн, Булган, Ховд, Шишгэт, Байдраг голуудад том жижиг нь хамаагүй, далан барьж болно.

Тэр байтугай газрын доорх усыг хуримтлуулах  талаар Зүүнбаянд ярьсан юм ч бий. Нэгэнтээ усаа хуримтлуулаад нөөцөлсөн байхад тэр говь руугаа татна уу, Оюутолгойгоо хангана уу, асуудал биш болно. Гагцхүү энэ тал дээр манлайлал дутуу байгаа болохоос бус шийдэл нь байгаа тул одоо энэ ажлыг ирээдүйн төлөө зоригтой хийх цаг ирсэн.

-Далан боомт барихад их хэмжээний хөрөнгө хэрэгтэй байх?

-Тиймээ, энд их хөрөнгө орно. Гэхдээ үнийг эдийн засгийн төсөлдөө оруулах нь зөв үү, ирээдүйгээ харсан усны төсөлдөө оруулах нь зөв үү гэдэг дээр бүгдээрээ нийтийн ойлголтыг бий болгох нь чухал байна.

-Усны үнэ нэмэгдсэн нь цагаа олсон уу? Эсвэл хожимдсон шийдвэр байв уу?

-Усны үнэ нэмэгдээгүй. Харин усны үйлчилгээний үнийг нэмээд байгаа. Бид усаа үнэгүй ашигласаар байна. Орон сууцанд амьдардаг иргэдийн усны үйлчилгээний төлбөрийг нэмэх нь зөв. Харин гэр хорооллын иргэд орон сууцанд амьдардаг иргэдээс хамаагүй бага ус ашигладаг. Уул уурхайн компаниудын усны төлбөрийг нэмэх ёстой. Хэн хамгийн их ус ашиглаж байна, тэд илүү өндөр үнэ төлөх ёстой.       

Связанные новости