Алба хаагчид цэц мэргээ сорилоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улсын Зэвсэгт хүчний 101 жилийн ой
“Монгол цэргийн өдөр”-ийг угтан зохион байгуулж буй цуврал тэмцээнүүд буудлагын
төрлөөр үргэлжиллээ.
Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон цэргийн, хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын дунд зохион байгуулсан Монгол Улсын буудлагын спортын мастер, бэлтгэл дэд хурандаа Д.Ганбаатарын нэрэмжит 7.62 мм-ийн АКМ, 9 мм-ийн ПМ гар бууны буудлагын тэмцээн энэ сарын 10-ны өдөр амжилттай боллоо.
Тэмцээнд 7 байгууллагын 40 гаруй цэргийн алба хаагч оролцож, цэц мэргэ, авхаалж самбаагаа сорин өрсөлджээ. Ингээд тэмцээний 9 мм-ийн ПМ гар бууны төрөлд аймгийн Тагнуулын газрын хошууч Б.Ган-Эрдэнэ ахлагчтай баг тэргүүлж, Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн хошууч Э.Батбилэг ахлагчтай баг, Хилийн цэргийн 0243 ангийн хошууч Т.Амгалан ахлагчтай баг тус тус удаалжээ. Мөн тэмцээний 7.62 мм-ийн АКМ бууны төрөлд Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн ахлах ахлагч Б.Баттулга ахлагчтай баг тэргүүлсэн байна. Харин аймгийн Онцгой байдлын газрын ахлах ахлагч Б.Бат-Эрдэнэ ахлагчтай баг, Хилийн цэргийн 0243-р ангийн ахлах ахлагч Н.Анхбаяр ахлагчтай баг тус тус удаалсан байна.










