ОУОХ ерөнхий ассамблейн чуулганыг Рио-Де-Жанейро хотод нээлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-08-03 10:43:51

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /NHK/. Олон улсын олимпын хороо /ОУОХ/ “Рио-2016” Олимпын наадам эхлэхээс 3 хоногийн өмнө Бразилын Рио-Де-Жанейро хотод ерөнхий ассамблейн чуулганыг нээлээ.

Чуулганы үеэр “Токио-2020” олимпын наадмын хөтөлбөрт нэмж оруулах спортын төрлүүдийг санал хураалтаар тодруулах ажээ.

Токио хотод болох Олимпын наадмыг зохион байгуулах хороо спортын таван төрлийг Олимпт нэмж оруулах саналыг дэвшүүлээд байгаа билээ. Эдгээр спортын төрөлд бейсбол-софтбол, каратэ, скейтборд, уулын спорт авиралт болон серфинг орж байна.

ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах ерөнхий ассамблейн чуулганы нээлтийн үеэр үг хэлэхдээ, “Рио-2016” Олимпын наадамд оролцох ОХУ-ын тамирчдад харанхуй хориг тавихгүй байх шийдвэрийг ОУОХ гаргасныг зөв гэж үзэж байгаагаа мэдэгдээд, гэхдээ ОХУ-ын тамирчдыг гэм буруугүй гэж хэлж чадахгүй гэдгийг онцлон тэмдэглэжээ.

Мөн тэрбээр, гэм буруугүй гэдгээ нотлох боломжийг тамирчдад олгох хэрэгтэй гэж мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

Связанные новости