ЗАВХАН: “Тэрбум мод” хөтөлбөрт иргэн бүрийн оролцоо чухал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-07-18 16:54:23

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймаг “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд 25 сая модыг тарьж ургуулахаар төлөвлөсөн. Аймгийн төв,Улиастай сум энэ ажилд бусад сумдаа хошуучлан оролцож, ялангуяа өрх бүр, иргэн бүрээ хашаандаа, албан байгууллага бүрээ орчноо тохижуулж, цэцэрлэгжүүлэх, мод тарихаас гадна, арчилж тордож ургуулахыг уриалаад буй юм. Улиастай сум гэхэд таван сая модыг тарьж ургуулах төлөвлөгөөтэй. Тэгвэл энэхүү мод тарих хөдөлгөөнийг эхэлсэн цагаас нь олон нийтийг уриалж, өөрсдөө үлгэрлээд буй “Өрнөх хөгжил” төрийн бус байгуулагын гүйцэтгэх захирал М.Дуламжавтай уулзаж, “Ногоон-Улиастай” төслийн талаар ярилцлаа.

-Нийгмийн сайн сайхны төлөө олон нийтийг уриалж, төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлдэг танай байгууллага энэ удаад үр дүнтэй төслийг санаачилж эхлүүлээд байгааг дууллаа?

-Тийм ээ. Бид Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөрийг дэмжиж, “Ногоон Улиастай” төслийг санаачлан хэрэгжүүлж байна. Улиастай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 сарын 13 ны өдрийн 06 тоот тогтоолоор Богд, Чигэстэй голын ай сав газрын 788,33 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан ч голын ай сав газар, түүний орчны бүсийн ус, хөрс, газар, биологийн олон янз байдал, экосистем алдагдаж, усны ундарга багасаж байгааг хүн бүхэн ярих болсон. Бид ч өмнө нь усаа хайрлах, хамгаалах зорилгоор төсөл хэрэгжүүлж байсан. Тэгвэл, НҮБХХ-ийн Даян Дэлхийн Байгаль орчны сангийн Жижиг Төслийн Хөтөлбөрөөс хэд хэдэн аймагт тухайн орон нутгийн “Ногоон сум”, “Эко сум” санаачлагыг дэмжих. Сум, суурин газрын төв, түүний орчны бүсийн ус, хөрс, бэлчээр, газар, биологийн олон янз байдал, экосистемийн үйлчилгээ болон байгаль орчны бусад асуудалтай холбоотой ногоон хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд туслах. Орон нутгийн засаг захиргаа, нийгмийн бүлгүүдийн идэвхтэй оролцоог дэмжиж хамтран шийдвэрлэх  хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлж буй /юм билээ. Энэ хөтөлбөрийг бид судалсан. Ингээд энэ төслийн тэтгэлэгт 2021 оны 09 сард бичсэн төсөл маань батлагдаж, Улиастай сумын Богдын голын далангийн дагуух газарт, Улиастай сумаас 3 га орчим газарт ногоон байгууламж бий болгох, хамтран ажиллах гэрээ байгуулсанаар 2022 оны тавдугаар сараас төслөө хэрэгжүүлж эхлээд байна.

-Төслийн гол зорилго юу байв?

-Орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан газар нутгийн байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах. Ус, хөрс, биологийн төрөл зүйлийг хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх. Айл өрхүүдийн дунд “Хашаандаа мод тарья” хөдөлгөөнийг өрнүүлж “Ногоон- Улиастай” нэртэй цахим пэйж хуудсыг иргэдийн бүлгүүд, иргэний нийгмийн оролцоотой хөгжүүлэх зорилготой юм.

- Төслийн хүрээнд ямар ажлуудыг амжуулав. Бэрхшээлтэй зүйлүүд байв уу?

-Улиастай суманд 1200 шахам малтай өрх байдаг нь тарьсан мод, ногоон байгууламжинд маш их халтай юм байна. Сүүлийн жилүүдийн ковидын нөхцөл байдал, хил гааль хаагдсан, хэрэглээний бүх юмны үнэ өссөн зэрэг нь нилээд хүндрэлтэй байлаа. Аймагт хашааны шон, материал хүрэлцээтэй хэмжээгээр байхгүй. Хаврын ажил эхэлсэн учраас ажиллах хүч олдохгүй гээд бэрхшээлүүдтэй тулгарсан. Гэсэн хэдий ч, бид эхний ээлжинд газрын кадастрын зураг гаргуулж, хашаа барих материалуудаа онлайнаар судалж Улаанбаатар хотоос хашааны материалуудаа татаж 2,8 газрыг хашаалсан. Ингээд голоос усаа татна гэж тооцсон маань бороо хур багатайгаас боломжгүй болж талбай дотор гар худаг гаргаж худаг маань эхний үед усны ундарга сайн байсан ч бас бороо хурын байдлаас ус нь татарсан гээд. Алхам тутамдаа асуудалтай тулгарч байна.

Аймагт модны үр суулгац, бэлдэц бас хомсдолтой байв. Өнгөрсөн зургаадугаар сарын дундуур Улаанбаатар хотоос зооринд хадгалсан 2-3 настай 1000 ширхэг хайлаас, 200 ширхэг шар хуасны суулгац тээвэрлэн авчирч, хашаалсан талбайдаа тарьсан. Ингээд суулгац, тарьц нийлүүлсэн газруудаас болон Улиастай сумын ногоон байгууламж хариуцсан мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч, усалгаа, тайралтыг хийж одоогоор 60-70 орчим хувьтай нахиалж байна.

Мод тарих нэг хэрэг. Харин түүнийг арчлах, ургуулах нь хамгийн чухал асуудал юм байна. Улиастай сумын ногоон байгууламж хариуцсан хэлтэс гуравхан хүний бүрэлдэхүүнтэй, 1,8 тонн усны ганц машинтай. Энэ байдлаар тэрбум мод хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ногоон байгууламжаа нэмэгдүүлэхэд хүндрэлтэй харагдсан. Гэтэл зэргэлдээ аймгуудын ногоон байгууламж хариуцсан газар нь 10-20 хүнтэй баг ажилладаг юм байна. Тиймээс ажиллах хүчин, усалгааны машин техник хэрэгслээ нэмэгдүүлэх хэрэгтэй санагдсан. Бид усалгааны асуудлаа шийдэх гэж хандаж үзсэн. Өөрсдөө тарьсан модоо ч бүрэн усалж хүрэлцдэггүй юм билээ. Энэ төсөл маань 2023 оны эхний хагас жил хүртэл үргэлжилнэ. Саяхан Даян дэлхийн Байгаль орчны сангийн Жижиг Төслийн Хөтөлбөрийн зохицуулагч  ирж үйл ажиллагаатай танилцаж зөвлөгөө өгсөнд баяртай байгаа.  

-Энэ төслөөс ямар  үр дүн хүлээж байна. Ганц төрийн бус байгуулагад ахадсан нүсэр ажил юм. Ер нь ажиллах хүчээ яаж шийдэв. Орон нутгаас дэмжлэг авсан уу?  

-Бидний эхлүүлсэн энэ ажил нь энэ хавар, зуны маш нүсэр ажил байлаа. Ах дүү найз нөхөд, хамт олон, Байгаль орчны иргэний зөвлөлийн Улиастай салбар, Таны эрх эгэл нандин төрийн бус байгуулага, Нийгмийн Түншлэлийн сүлжээ Төрийн бус байгуулагын Улиастай салбарын орон нутгийн хөгжлийн бүлгүүдийн хүч оролцоотой гол ажлынхаа ард гарсан. Цаашид хийх олон ажил байгаа. Ногоон байгууламжийг харах, хамгаалах харуулын байр барих. Эко 00 барих, биологийн төрөл зүйлийн олон бут сөөг тарих, арчлах ургуулах.

Усалгааны асуудлаа бүрэн шийдэх. Түүнчлэн ногоон бизнес эрхлэх сонирхолтой иргэдэд Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Бизнесээ эхэл- Бизнесээ хөгжүүл” сургалтыг хийж төсөл боловсруулах. Санхүүгийн дэмжлэг олоход зөвлөх үйлчилгээ үзүүлэх мэдээлэл, сурталчилгааны самбар хийх гээд ажлууд үлдэж байна. Орон нутгийн дэмжлэгийн тухайд, Улиастай сумаас газар зааж өгсөн. Хамтран ажиллах гэрээ байгуулсан. Сум ногоон байгууламжаа нэмэгдүүлэх, мод бут тарих ажлаа ид хийж байна. Хүн хүч, техник хэрэгсэл дутмаг, мэргэжлийн боловсон хүчний зөвлөгөө зөвлөмжийг бүх газрууд л авах хэрэгтэй санагдсан.

Мэдээж төсөл бүр тодорхой үр дүнг төлөвлөдөг. Энэ төслөөс дараах үр дүнгүүдийг хүлээж байгаа. Тухайлбал, 2.8  га газарт 5000 ширхэг мод бут сөөг, биологийн төрөл зүйлийг бий болгож, “Ногоон- Улиастай” цэцэрлэгт хүрээлэнтэй болох. “Ногоон- Улиастай” пэйжийг хөгжүүлж, 5000 дагагчтай, ногоон хөдөлгөөнийг Улиастайд өрнүүлэх. Ингэснээр хашаандаа мод бут тарих иргэдийн тоо нэмэгдэж, ногоон сум болох эхлэл тавигдана гэж харж буй юм. Мөн хашаалсан талбайдаа эко 00-той болсон байх. Гурваас дөрвөн иргэний нийгмийн байгуулага, таваас зургаан иргэдийн бүлгүүдтэй хамтран ажиллаж ногоон Улиастайг хамтдаа бий болгоно гэж харж байгаа.

-Ер нь мод тарихын ач тусыг иргэдэд хэрхэн ойлгуулах, идэвхжүүлэх ажлыг хийж байна вэ?. Нөлөөллийн ажил?

-Мэдээж мод тарих нь олон талын ач тустайг хүн бүр мэддэг. Харин хэрэгжүүлдэггүй. Хэрэгжүүлэх юмсан гэж бодсон ч ажил хэрэг болгодоггүй. Тиймээс олон нийтийн төлөө ажилладаг төрийн бус байгууллагын хувьд энэ талын мэдлэг мэдээллийг иргэдэд хэрхэн өгөх, нөлөөлөх ажлыг өмнө нь хэрэгжүүлж байсан төсөл бүртээ нэг зорилго болгож, хэрэгжүүлж ажиллахыг зорьдог. Иргэд модыг тариад, арчилж, тордож ургуулахаа орхигдуулдаг. Тиймээс арчилгаа, тордолгоог хэрхэн хийхийг мэргэжлийн байгууллагууд сайтар зааж, зөвлөх нь чухал юм. Мөн дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг саармагжуулахад мод тарих нь ямар чухал болохыг салбар бүрт ярьдаг ч, ажил хэрэг болгох нь үр дүн муутай байгаа нь харамсалтай. Тийм учраас манай байгууллагаас хэрэгжүүлдэг, хэрэгжүүлсэн төсөл бүртээ мод тарихын ач тусыг дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбон тайлбарлаж, иргэн бүрт, хүүхэд бүрт таниулах, нөлөөллийн ажлыг хийж байна. Ингэхдээ зурагт хуудас, боршур, цахимаар цуврал зөвлөгөө мэдээлэл хүргэх, иргэдийн бүлэгтэй хамтран иргэдэд биечлэн зөвлөгөө мэдээлэл өгөх гээд ажлуудыг хийж байна. Бидний тарьж ургуулж буй энэ цэцэрлэг, ногоон байгууламж нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад тодорхой хэмжээний нөлөө үзүүлж, хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байгаа.


Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөрийн зорилго ч гэсэн дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилготой уялдаж, манай улсын бас нэг хувь нэмэр оруулж буй томоохон хөтөлбөр шүү дээ. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, тогтвортой хөгжлийн зорилгыг хангахад Монгол Улсын хувь нэмэр, бодит оролцоо бол дээрх хөтөлбөр юм.

Тэрбум мод тарих үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлснээр цөлжсөн 129 сая га талбайг  дөрвөн хувиар бууруулна гэж мэргэжлийн байгууллагууд үзэж буй юм билээ. Мод тарих үйл явцыг халамжаас хөдөлмөрт шилжих цогц бодлогын хүрээнд Засгийн газар бүх нийтийн мод тарих үйлсийг уялдуулан зохицуулж байгаа нь ч сайшаалтай. Өөрөөр хэлбэл, иргэн аж ахуйн нэгжийн тарьсан модоор ойн сан бүрдүүлж, түүнийг улсын нэгдсэн санд бүртгэж авах. Тарьсан модыг зах зээлийн эргэлтэд оруулж, энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулахад нь бодит дэмжлэг үзүүлэх бодлогыг засгийн газраас хэрэгжүүлж байгаа нь ч цаг үеэ олсон ажил юм.


-Уур амьсгалын өөрчлөлтийг бодитой хэмжээнд сааруулна гэдгийг Засгийн газраас мэдээлсэн?

-Тийм ээ. Өнөөдрийн байдлаар уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй Монгол Улсын нийт газар нутгийн 76.9 хувь нь нэн хүнд буюу цөлжилттөд өртсөн судалгаа бий. Нэг тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг 10 жилийн хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлж чадвал нэн хүнд хэлбэрээр өртсөн 129 сая га талбайн хэмжээг дөрвөн хувиар бууруулах тооцоолол хийжээ. Мөн ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээ 7.9 хувьтай байгаа. Үүнийг 2030 он гэхэд 9 хувьд хүргэх зорилт тавьсан. Түүнчлэн хүлэмжийн хийн ялгарлыг 600.000 тонноор бууруулах тооцооллыг урьдчилсан байдлаар гаргасан гэж БОАЖЯ-аас мэдээлж байсан. Тиймээс л нэг тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэхдээ төр, хувийн хэвшил, иргэд, аж ахуйн нэгжүүдийн хамтын оролцоо, уялдаа холбоог хангаж ажиллаж буй юм билээ.


Манай орон нутагт ч мөн адил тэрбум мод тарих хөдөлгөөнийг хамтын оролцоо, уялдаа холбоотой ажиллахаар эхлүүлж байгаа нь сайшаалтай. Түүнчлэн нэг тэрбум мод тарих үндэсний хөтөлбөрийг гурван үе шаттай хэрэгжүүлэх юм билээ. Тухайлбал, 2021-2024 онд бэлтгэл үе шат, 2024-2026 онд эрчимжүүлэх үе шат, 2027-2030 онд тогтвортой үргэлжлэх үе шат гэсэн байдлаар хэрэгжүүлэх юм байна. Тэгэхээр бэлтгэл үе шатын хугацаанд манай төрийн бус байгууллагаас Улиастайдаа төсөл хэрэгжүүлж, маш амжилттай мод тарьж арчилж ургуулж байгаа нь хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулж байгаа хэрэг юм.

Түүнчлэн Завхан аймаг, аймгийн төв Улиастайгаа ногоон хот болгох ажлыг амжилттай эхлүүлж, ногоон байгууламжийн маань тарьц суулгац маш сайн ургаж бойжиж буй нь ч үр дүнтэй байна. Тэгэхээр тэрбум мод хөтөлбөрт иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг л дахин дахин уриалж хэлмээр байна. Мод бол ус, хөрсийг дэмжигч эх дэлхийн эмч. Мод хэзээ ч моодноос гарахгүй. Мод дагаж- Ус. Ус- дагаж ургамал. Хүн бүр, өрх бүр Мод” тарих, ургуулах хөдөлгөөнд идэвхтэй оролцож хамтран ажиллахыг  мөн уриалж байна.

-Танд баярлалаа.

 

Связанные новости