Цөлжилттэй тэмцэх конвенцид нэгдсэн талуудын бага хурлыг Монголд зохион байгуулах ажлын хэсэг хуралдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2022-10-14 16:57:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцод нэгдэн орсон талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулна.


Засгийн газраас тус хурлыг зохион байгуулах ажлын хэсгийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ ахлах шийдвэр гаргасан бөгөөд ажлын хэсэг хуралдаж, ерөнхий зохион байгуулалт, дэд ажлын хэсэг байгуулах төлөвлөлтийг хэлэлцэв.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцид нэгдэн орсон талуудын 26 дугаар бага хуралд оролцсоны мөрөөр Засгийн газраас хүсэлт гарган талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд зохион байгуулах шийдвэрийг 2022 оны 05 дугаар сарын 09-20-нд COP15 дугаар хурлаас гаргасан билээ.


НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөрийн дагуу дэлхийн хуурай газрын дөрөвний 1 нь цөлжих аюултай тулгараад байна. Цөлжилт нь нэг улс орны асуудал биш. Газрын доройтолд өртсөн бүс нутаг дэлхийн эх газрын 42 хувийг эзэлж байна. Цөлжсөн бүс нутагт 1.5 тэрбум орчим хүн оршин суудаг бөгөөд иргэдийн амьжиргаа, эрх тэгш байдлыг бууруулах зэрэг эдийн засгийн сөрөг үр дагавар ихтэйд тооцогдож байна. Улмаар цөлжилтөөс үүдэх хор хохирол дэлхийд жилд 42 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ конвенцод манай улс 1996 онд нэгдэж, Засгийн газар 2010 онд Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр, 2012 онд Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль гарган газрын доройтол, цөлжилттэй тэмцэж байна.


Хуурайшилт ихтэй Монголын хувьд цөлжилт төр засгийн түвшинд анхаарах асуудал болоод байгаа. Нийт газар нутгийн 76.8 хувь буюу ерөнхийдөө их, бага хэмжээгээр цөлжилтөд өртсөн мэдээлэл бий. Тиймээс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх Конвенцын газраас дэвшүүлсэн 10 жилийн стратегийн зорилттой уялдуулан Засгийн газар Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрөө шинэчлэн хэрэгжүүлж байна. Тухайлбал, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд-2030”-д цөлжилтөд өртсөн газар нутгийг 10.2 хувиар бууруулахаар тусгажээ. Ингэхдээ 2030 онд газар нутгийнхаа 30 хувийг тусгай хамгаалалттай газарт хамруулах зорилтыг БАОЖЯ-наас хэрэгжүүлэх аж. 

Связанные новости