ДАШТ-д зориулсан нэвтрэх бичиг авах хүсэлтийг 1.5 сая гаруй хүн гаргажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ДОХА. /VOA/. Ирэх 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэх хөл бөмбөгийн
дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд /ДАШТ/ зориулсан нэвтрэх
бичиг авах хүсэлтийг 1.5 сая гаруй хүн гаргаад байгаа талаар Катар улс ням гарагт
мэдэгджээ.
“Hayya” картын үйлчилгээ
хариуцсан дарга Саад Аль-Сувейдийн мэдээлснээр, одоогийн байдлаар 1.5-1.7 сая
хүн карт авах хүсэлт гаргасан байна. Энэхүү карт нь виз, тэмцээн болон нийтийн
тээврийн тасалбар болохоос гадна шүтэн бишрэгчдийн бүс рүү нэвтрэх боломжийг
олгох юм.
Катарын хилээр 11 дүгээр сарын 1-нээс нэвтрэх бүх аялагч тэмцээн үзэх эсэхээсээ үл хамааран ийм карттай байх шаардлагатай байна. Тус улс нь хилийн чанадаас нэг сая гаруй жуулчин хүлээн авна хэмээн тооцоолж байгаагаас гадна дотоодын олон зуун мянган үзэгч тэмцээнийг үзэж сонирхох төлөвтэй байна.
Олон улсын үзэгчдийн хувьд тасалбараа худалдан авч, байрлах газраа баталгаажуулсныхаа дараа нэвтрэх карт авах хүсэлтээ гаргах ёстой байна. "Доха хотын олон улсын хоёр нисэх буудал өдөрт 150 мянган зорчигч хүлээн авахаар бэлтгэж байгаа" талаар холбогдох албаны төлөөлөгчид мэдээлжээ.
Харин Саудын Арабаас хуурай газраар нэвтрэх хүмүүсийн хувьд Доха руу автобусаар зорчих ёстой бөгөөд өөрсдийн автомашинаар зорчих тохиолдолд 1375 ам.долларт төлөх шаардлагатай ажээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр, Абу-Самра хилийн боомтоор цагт 4000 хүн шалган нэвтрүүлэх боломжтой байна.