“Бали-2023” дэлхийн элсний наадмын лого-г танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-11-10 16:14:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сөүлд болсон Үндэсний олимпын хороодын холбооны XXVI Ерөнхий ассамблейн үеэр ирэх жил Индонезийн Бали аралд болох Дэлхийн элсний наадмын логог албан ёсоор танилцуулсан талаар МҮОХ-ноос мэдээллээ.

 

Лого нь Бали арлын уламжлалт өв соёлын илэрхийлэл болох barong багны дүрсийг өөртөө агуулсан байна. Баличууд энэхүү багийг буг чөтгөрийг зайлуулах шидтэй гэж үздэг бөгөөд эрт дээр үеэс тэдний бэлгэ тэмдэг нь болсоор иржээ.

 

Багны дээд хэсэгт диваажингийн хаалга гэгддэг Lenpuyang Temple хаалгыг далайн хоёр давалгаагаар хүрээлүүлсэн байна. Мөн чихэнд нь далайн хясаагаар хийсэн цэцэг зүүжээ. Энэ нь Балигийн эрчүүд дайн тулаан юм уу тэмцээн уралдаанд орохын өмнө чихэндээ цэцэг хавчуулдаг байсан эртний уламжлалаас эхтэй аж.

 

Түүнчлэн шүд нь загасчдын завь, духан дээрх дүрс нь Бали арлын загас, хавчнуудыг, нүд болон хамар нь Балигийн үзэсгэлэнт үдшийг илэрхийлжээ.

 

Дэлхийн элсний 2 дугаар наадам 2023 оны наймдугаар сарын 5-12-нд Индонезийн Бали аралд спортын үндсэн 14 төрлөөр явагдана.

 

Одоогоор Монгол Улсаас 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй баг дэлхийн чансаанд эзэлж буй байраараа уг наадамд оролцох эрхтэй болоод байна.



Связанные новости