ӨМНӨГОВЬ: БНСУ-ын Намвонь хотын газар тариалангийн салбарынхантай хамтран ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-02-14 13:49:42

Өмнөговь /МОНЦАМЭ/  Хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр Даланзадгад сум БНСУ-ын Намвонь хоттой  2 дахь жилдээ хамтран ажиллаж байна.


Энэ жил хамтын ажиллагааны хүрээнд 100 орчим иргэн газар тариалангийн салбарт "улирлын чанартай гэрээт ажилтан"-аар тус хотод ажиллахаар болжээ. Тухайн гэрээт ажилчид 2023 оны тавдугаар сараас аравдугаар сарыг хүртэл таван сарын хугацаатай ажиллах юм.


Тодруулбал, Намвонь хотын ИТХ-ын даргаар ахлуулсан ажлын баг, ажил олгогчийн төлөөллүүд Даланзадгад суманд хүрэлцэн ирж, гэрээт ажилтны сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдтэй уулзан, ажиллах орчин, нөхцөлийн талаар мэдээлэл өгч, иргэдийн асуултад хариулжээ.


Өнгөрсөн 2022 онд хоёр хотын хамтын ажиллагааны хүрээнд газар тариалан эрхэлдэг 50 иргэнийг БНСУ-ын Намвонь хотод таван сарын хугацаатай газар тариалангийн салбарт гэрээт ажилтнаар ажиллуулжээ. Тухайн гэрээт ажилчид гэрээний хугацаанд үүрэг хариуцлагаа сайн биелүүлэн ажиллаж, хангалттай гэсэн үнэлгээ авсан тул 2023 онд иргэдийн тоог ийнхүү 100 болгон нэмэгдүүлжээ.


Энэхүү хамтын ажиллагаа амжилттай үргэлжсэнээр Даланзадгад сумын иргэд ажил, орлоготой болохын зэрэгцээ газар тариалангийн салбарт арвин туршлага хуримтлуулж, мэргэжилтэн бэлтгэн орон нутагтаа олон шинэлэг төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжтой юм.

Связанные новости