ӨМНӨГОВЬ: С.Сумьяа: Хөөрөг зөрүүлэх нь мэндлэх, хүндлэх ёсыг агуулж ирсэн агуу том соёл
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Хөөрөг зөрүүлэх ёс заншил нь монгол үндэстний
харилцааны маш том соёлын илэрхийлэл болдог. Монголчууд хөөрөг солилцон тамхилах ёсыг хөөрөг
зөрүүлэх, хөөрөг солилцох, хөөргөөр тамхилах гэх зэргээр нэрлэдэг. Хөөрөг зөрүүлэн мэндлэхдээ ахмад буюу төрийн хүндтэй хүнд хөөргөө эхлэн барьж тамхилна. Хөөргийн соёл дэлгэрэхээс өмнө гаанс солилцон мэндлэх ёс заншил уламжлагдаж байжээ. Эв нэгдлийн илэрхийлэл, өв уламжлал
болон хөгжиж ирсэн хөөргийн соёл, үүсэл, ёс журмын талаар Өмнөговь аймгийн
Засаг дарга асан Сугирын Сумьяатай хөөрөлдсөнөө хүргэе.
-Хөөргийн соёл, үүсэл, хөгжлийн талаар ярилцлагаа эхлүүлье?
-Би судлаач хүн биш л дээ. Өвөг дээдсээсээ харж, сонсож мэдсэн өвлөгдөж ирсэн түүхийг л та бүхэнтэй хуваалцъя. Хөөрөг Монголд 16, 17 дугаар зууны үеэс эхлэн дэлгэрсэн хэмээн яригддаг. Тэр цагаас хойш хөөрөг нь өвлөгдөн уламжлагдаж өнөөгийн цаг үетэй золгож байгаа харилцааны том соёл юм. Манж улс анх монголчуудад хүйтэн чулуу өвөртлүүлнэ гэсэн санааг өвөрлөн хөөргийн соёлыг монголчуудын дунд дэлгэрүүлсэн гэдэг. Гэвч монголчууд бид байгальтайгаа илүү хүйн холбоотой байдаг ард түмэн. Эх нутгийнхаа хөрсөн дээр төрж өсөж, аж төрөн амьдарсаар байна. Эх нутгийнхаа хөрснөөс чулуугаа авч хөөрөг хийж хэрэглэх болсон. Энэ нь чулуугаар дамжуулан байгалийн энергийг авч биеийн эрчмээ дэмжин сайжруулдаг байна. Түүнчлэн хөөрөглөх ёс заншлаар дамжуулан бие биенийхээ энергийг дэмжих, мэдрэх их чухал хэрэгсэл байна хэмээн хүлээн авсан гэдэг. Ингээд мэндчилгээнийхээ нэгэн том хэрэгсэл болгон уламжлуулан хөгжүүлж ирсэн түүхтэй.
-Таны барьж байгаа хөөргийг ямар чулуугаар хийсэн бэ? Хөөргийнхөө түүхийг
бидэнтэй хуваалцахгүй юу?
-Миний барьж байгаа шүрэн толгойтой, алтан нуухтай цагаан хаш хөөрөг нь 18 дугаар зууны үед Энэтхэг, Төвөдөөс орж ирсэн. Өвөг дээдэс маань үе дамжуулан хэрэглэж, надад өвлүүлэн үлдсэн нандин түүхтэй хөөрөг юм. Тэгэхээр хөөргийг нэлээн дээр үеэс монголчууд бид хэрэглэж байсан нь харагдаж байна.
-Хөөргийг манж, хятад, төвөд, монгол гэсэн 4 төрлийн хийц байдаг гэж сонсож
байлаа. Тэгэхээр энэхүү хийцүүдийг хэрхэн ялган таньж болох вэ?
-Миний хувьд тухайн хөөргийг барьж үзээд л аль цаг үед хийгдсэнийг нь
мэддэг. Энэ нь хэлбэр хийцээсээ шалтгаална. Дээр үед Манж, Төвөд улсад хэрхэн
хийж байсныг мэдэхгүй. Миний танин мэдсэнээр бол, Монголд хоёр янзаар хийдэг
юм. Нэгдүгээр арга бол чулууг ан цавгүй болгож хөөргийн хэлбэр оруулж засч
бэлдээд, амыг нь нарийн өрөмдөхийн тулд гэрийнхээ салхин дээд бүслүүрт бат бэх
хөдөлгөөнгүй бэхэлдэг байжээ. Тэгээд сайн чанарын гангаар өрөм хийж салхин
сэнсэнд байрлуулдаг. Ийнхүү хэдэн сар, өдрөөр салхинд эргэж ёроолдоо дөхтөл
ухагдсан байдаг. Ийнхүү ухагдсан хөөргийн дотор хэсэгт чулууны хорыг хийж олон
давтамжтайгаар сэгсэрнэ. Гэрэлд барьж хараад зузаан талд нь арай удаан тогтоон
барьж сэгсэрч өө сэвийг дардаг.
Гар аргаар маш их хугацаа зарцуулж хийдэг байсан болохоор тэр үеийн хөөргийн дотор тал гоё гөлгөр ямар нэг тээглэх зүйлгүй, яг л гадна тал шигээ жигд сайхан болдог байжээ. Харин нөгөө арга нь ёроолоос нь эхлэн ухаж амыг нь өрөмддөг. Сүүлд нь ижил чулуугаар ёроол хийж нөхөн цавуугаар бэхэлдэг. Энэ чулуун нөхөөс нь огт мэдэгддэггүй. Багажаар өнгөлсөн хөөрөг, олон жилийн явцад хүний гараар элэгдэж өнгөлөгдсөн хөөрөг хоёр маш их ялгаатай. Тодорхой хэлбэл, механикаар өнгөлсөн хөөрөг толь шиг гялалзаад өнгө нь гялгар байдаг бол олон жил үе дамжин хэрэглэгдэж хүний гарт өнгөлөгдсөн хөөрөг өнгө нь тэс өөр, гарт зөөлөн, барьцтай болсон байдаг. Хэлбэр дүрс, хөөргийн амсар, хийц загвараар нь хэдий үеийн хөөрөг вэ гэдгийг ялган хэлж болно.
- Хөөргийг хэрхэн шинжих вэ? Ямар хөөргийг сайн хийцтэй хөөрөг гэж
үздэг вэ?
- Хөөргийг шинжихдээ хамгийн эхэнд амыг нь харна. Амны гуурс ч гэж ярьдаг энэ хэсэг их нарийн байх ёстой. Хоёрдугаарт урт байх, гуравдугаарт хөөргийн ам тэгшхэн, яг голд нь байх ба амсар хэсэг бага зэрэг дотогшоо налуу хонхордуу байвал сайн. Учир нь хөөргөөс тамхи хутган гаргах үед гадагшаа асгагдахгүй байх хэрэгтэй. Хөөргийн мөр өндөр байх шаардлагатайгаас гадна хоёр тал ижил тэгш байх нь чухал. Мөн их бие бөөрөнхий, хавтгайдуу, бүүр хавтгай гээд янз бүр байдаг. Бөөрөнхий хөөрөг нь даалинд хийгээд авч явахад зориулагдсан. Харин хавтгай хөөргийг суурин байх үедээ, эсвэл эмэгтэй хүмүүс ихэвчлэн барьдаг. Ер нь хөөргийн ёроол хэсгийн хийцийг маш сайн хардаг. Ёроол нь тэгшхэн, өө сэвгүй байх ёстой л доо. Жишээ нь, энэ миний барьж байгаа хөөргийн ёроолын ухдас нь их гүн, ирмэг зах нь хурц, хэтэрхий намхан биш, өндөр ч биш, дунд зэрэг байгаа. Тухайн хөөргийн үнэ цэнийг ёроол болон амны хийц, ямар чулуугаар хийсэн зэргээр тогтоодог.
-Чулуу бүр өөрийн онцлог, давуу чанаруудыг агуулж байдаг. Тэгэхээр ямар чулуугаар хөөргөө хийх вэ гэдэг их чухал байдаг болов уу?
-Тэгэлгүй яах вэ. Тодорхой хэлбэл, хаш хөөрөг өвөртлөөд явж байгаа
хүн морь малаас унаж бэртэхээс айлтгүй гэж үздэг. Элдэв гэмтэл бэртлээс
хамгаалдаг гэсэн домтой. Ийм учраас эмнэг хангал унадаг эрчүүд, бөхчүүд
ихэвчлэн хаш хөөрөг хэрэглэдэг байсан. Алс хол явдаг хүмүүс бол сүүжин хөөрөг
барьдаг. Их тунгалаг усан болороор хийдэг. Энэ хөөргийг өвөртлөөд хол замд яваа
хүн ангаж цангах аюулаас аврагддаг гэдэг.
Усан болор бол байнга чийг татаж байхаас гадна өвөртөө хийгээд явж байхад
гэдэс ходоод, элгэнд чийг өгч байдаг. Энэ мэтээр чулуу бүхэн янз бүрийн
бэлгэдэл, үнэ цэнтэй. Оюу чулуу эзнийхээ үйл бүхнийг бүтээж байдаг тул хөөргийн
нуухыг оюугаар хийдэг. Дээр үед хүмүүс алтыг тэр бүр хэрэглэдэггүй байсан
учраас алтан нуухтай хөөрөг гэж бараг байгаагүй. Яахав хошуу ноёд мэр сэр
барьдаг байсныг үгүйсгэхгүй. Тухайн үед мөнгө, гуулин нуухтай хөөргүүдийг
хэрэглэдэг байжээ. Дээр үеийн хөөргүүд голдуу шүрэн толгойтой байсан. Харин
чулуун толгойтой хөөрөг ховор байсан бөгөөд оюу толгойтой хөрөг бол их. Ер нь
хөөргийн үнэ цэнийн талаас илүү хувь нь толгойдоо байдаг гэдэг. Шүрэн толгойтой
хөөрөг өндөр үнэтэй байжээ. Тухайн үед алтнаас үнэтэй хэмээн үзэж шүрээр
хөөргийнхөө толгойг хийж нандигнан өвөртөлж явдаг байсан гэдэг.
-Эрт үед чулуу алтнаас илүү үнэ цэнтэй байсан гэлээ. Монголчууд
яагаад алт хэрэглэх дургүй
байсан юм бол?
-Алтанд тийм ч дуртай биш байсан. Учир нь алтыг аминд цөвтэй, хэт
хүндэддэг хэмээн үздэг байснаас тэр болов уу. Голдуу л мөнгөн нуухтай,
мөнгөн халбагатай хөөрөг барьдаг. Есөн эрдэнийн таваас доошгүй хувь нь хөөрөгт
багтдаг хэмээн үздэг. Тиймээс хөөрөг авч яваа хүн бол хамгийн хүндтэй зочин
байжээ.
-Монгол зон олны дунд үе уламжлагдан ирсэн соёл бол хөөрөг зөрүүлэх ёсон
яах аргагүй мөн. Энэхүү ёс уламжлалын талаар та ярьж өгөөч?
-Олон зуун жил дамжин өвлөгдөж үр удамдаа харилцааны томоохон соёл
болгон үлдээсэн энэхүү өв нь маш нарийн ёс жаягтай. Жишээ нь хөөрөг зөрүүлэхдээ
насаар дүү нь ахмад хүнээ хүндлэн хөөргөө эхэлж барьдаг. Гаднаас ирсэн зочин
мэндлээд суудалдаа тухлан суугаад, хөөрөг даалингаа гаргадаг. Хөөргөө гаргахдаа
даалингаа ухдаггүй, харин даалингийнхаа гаднаас тэмтэрч хөөргийн ёроолоос
хөөж, 3/2 хэсэг гарч ирэх үед нь мөр хэсгээс нь барин гаргаж тамхилдаг. Эрт
үеийн даалин, одоогийн даалин хоёр их өөр болсон. Дээр үед хөөргөө бүсэндээ
зүүдэг байсан. Ингэхдээ хэвтээ байлгадаггүй, ямар хөөрөгтэй байна, түүндээ
зориулан даалингаа хийлгэдэг. Мөн даалиндаа ганц хөөрөг хийдэггүй, нөгөө талд
нь хишиг дагуулсан эд зүйл байх ёстой гэж үздэг байжээ. Бэлгэдэл агуулсан сур,
шагай, зоос, самбай зэрэг зүйл хамт хийдэг.
-Хөөрөг зөрүүлэх ёс заншилд эрт цагаас их хүндэтгэлтэй хандаж, нарийн ёс
жаяг дагаж байжээ. Өвөг дээдсүүд тань энэхүү уламжлалыг хэр баримталдаг байсан
бэ?
-Аав маань эр хүнд сур байх ёстой гэдэг байсан. Даалиндаа эрхий ороох хэмжээний сур бэлтгэн мэргэлдэг таван зоосоо сүвэлж уяад даалиндаа хийдэг байсан. Энэ нь одоо ч надад байгаа. Самбайг бас их чухал гэж үздэг. Самбайнд явуу, шүр, халтар арвай зэргийг боогоод хийчихсэн байдаг байлаа. Энэ нь нэгдүгээрт бэлгэдлийн, нөгөө талаасаа бүсэндээ хавчуулаад явахад нөгөө тал нь хоосон бол бүснээс шувтраад унаад байхгүй гэсэн санаа юм. Даалингаа бүснийхээ дунд оруулан зүүн талдаа бүсэлдэг байсан.
- Хөөрөг зөрүүлэн тамхилахад анхаарах зүйл юу байдаг вэ?
- Хөөрөг даалингаа гарган хүнтэй хөөрөг зөрүүлэхийн өмнө өөрөө эхлээд
тамхинаасаа татдаг. Учир агуулга нь өөрөө хэрэглэдэг аюулгүй гэдгийг харуулж,
цэвэр сайхан сэтгэлээ илэрхийлж байгаа хэрэг юм. Түүнчлэн хөөргийн толгойг дарж
өгөх нь тухайн хүнээ хүндэтгээгүй гэж үзэх бөгөөд толгой дээр нь эрхий
хуруугаараа дарж хөөрөг зөрүүлбэл тухайн хүндээ маш их буруу муу санаж, өс
хонзонтой гэдгээ илэрхийлж байгаа хэрэг хэмээн ойлгодог байжээ.
Харин өнөө цагийн залуус энэ утгыг мэддэггүй учраас толгойг нь дараад өгч байгаа харагддаг. Ёс мэдэхгүй байгаа нь л тэр байх даа. Мөн хөөргөө өгөхдөө чигчий хуруугаа ёроолоос нь дэмнэн барьдаг бөгөөд хоёр хөөргийг хооронд нь харшуулан дуугаргадаггүй, муу ёр хэмээдэг. Хөөрөг барьж байгаа хүнийхээ хөөргийг давуулан алга дээр нь өөрийн хөөргөө тавиад зөрүүлэн барьдаг. Ийнхүү тамхилж байх хугацаанд бэлгэ дэмбэрэлтэй сайн сайхан зүйлсийг ярьдаг. Хөөрөглөж байгаа хүнийхээ хөөргийг шинжин үзье гэвэл дахин хөөрөглөж байгаад ямар чулуугаар хийсэн болон хийц загварынх нь талаар харилцан ярилцаж болно. Харин үнэ ханш наймаа ярьдаггүй гэдэг. Өмнө нь ам мурийж, багахан үл ойлголцол байсан ч хөөрөг зөрүүлсэн л бол энэ бүхнийг мартаж, санаж бодох зүйлгүй боллоо хэмээн ойлгодог ийм л үнэ цэнтэй харилцааны өв юм даа.
- 1950-иад оны үед хөөрөг зөрүүлэх ёс уламжлал алдагдаж байсан гэж
сонсож байсан. Юунаас болж байсан бэ?
- Одоо үед социализмын үе гэж ярьдаг л даа. 1950-1960-аад оны үед энэ
ёс алдагдаж байсан нь үнэн. Яагаад гэхээр, ёс уламжлал өөрчлөгдсөн. Тухайн
үеийн лам нар бүгд хөөрөгтэй. Учир нь энэ шар тамхи татсан хүний хамар байнга
онгорхой, тархи сэргэлэн, тогтоох ой тогтоолт сайжирдаг бурхны олон номыг уншиж
тогтооход их нөлөөтэй гэж үзэж байсан. Тэгээд лам нар түлхүү хөөрөг хэрэглэж
байсан учир шарын шашны үлдэгдэл гэж ойлгох хандлага байсан юм шиг байна лээ.
Мөн 1960-аад оны үест БНХАУ, Монгол Улс хоорондын харилцаа холбоо муудаж,
арилжаа наймаа багассан. Ингээд тамхи орж ирэхээ больсон. Миний мэдэхийн
1970-аад оны үеэр тамхи огт олдохгүй болсон байсан. Хүмүүс сүүлдээ эмийн янз
бүрийн ургамлуудыг нүдээд хольж татдаг болсон үе бий. Одоо цагт бол төрөл
бүрээрээ элбэг болсон доо.
- Хөөрөг зөрүүлэх энэ уламжлал нь эв нэгдлийн бэлгэдлээс гадна
харилцааны агуу том соёл болж хөгжжээ?
- Энэ яах аргагүй үнэн юм. Хөөрөг зөрүүлж байгаа хүмүүс яалт ч үгүй
амар мэндээ мэдэлцэн олон зүйлийн талаар ярилцах боломж бүрддэг. Хөөрөг байхгүй
бол таньдаг хүнтэйгээ мэндлээд л тэгээд зөрдөг. Дээр үед бол хүмүүс хоорондоо
одоо үеийнх шиг сайн байна уу гэх юм уу, эсвэл сонин юу байна гэж мэндэлдэггүй
байсан. Та амгалан морилж байна уу, таны лагшин тунгалаг уу, бие амгалан, мал сүрэг
нь мэнд сайн уу гэх мэтээр асууж мэндэлдэг. Хариуд нь тавлаг сайхан байна, мэнд амар гэх зэргээр
хариулна. Юмгүй ээ, сонин юм алга аа гэж хэлдэггүй байсан. Ер нь байхгүй, үгүй
гэдэг үгнээс их татгалздаг. Тэр мэндчилгээний үгнүүдээр бие биенээ ойлгож мэдэрдэг
байлаа. Одоо цагт хөөргийн мэндлэх, харилцах ёс алдагдаж л байгаа.
-Эрт цагт бол байнгын хэрэглээ байсан хөөрөг одоо цагт цагаан сар,
наадам зэрэг үндэсний баяраар л гаргаж барьдаг, хөөрөглөх ёс уламжлал нь алдагдаад байна?
-Үндэсний хэдхэн баяраар гаргаж
хэрэглэдэг эд биш л дээ. Хөөрөг даалинг бүсэндээ зүүхээ байснаас хойш ёс журам
нь их алдагдаж байна. Даалиндаа хөөргөө хийгээд битүүлээд эвхдэг болсон. Энэ нь
эрт цагаар бол буруу үйлдэл юм. Даалин нь хоёр амтай бүснээсээ аваад эвхээд
тавихад дээш харж байгаа амаараа эзэндээ хишиг тогтоож байна хэмээн үздэг.
Нөгөө талаасаа чулуу маань байгалиасаа энергээ нөхөн авах ёстой гэж тооцдог
байжээ. Харин битүү эвхээд тавьчихаад байхаар энэ утга агуулга байхгүй болж
байгаа юм. Буян хишгийн сав ч гэж үздэг. Би өвөг дээдсийнхээ энэ уламжлалыг
хадгалж явдаг. Миний өөрийн аав 1865 оны хүн байсан. Ингээд говь нутгийнхаа
хөөргийн өв соёлын талаар багахан мэдээлэл өгөхийг хичээлээ. Гэхдээ бусад аймаг
орон нутгийн хувьд энэхүү хөөрөглөх соёл, ёсны хувьд онцын том ялгаа байхгүй
гэж бодож байна. Хөөрөг зөрүүлэх нь мэндлэх, хүндлэх ёсыг агуулж ирсэн агуу том
соёл хэмээн үзэж бодож явдаг. Миний хэлсэн ярьсан та бүхэнд хүрч багахан ч
гэсэн мэдлэгтэй болсон бол ач буян нь тэр юм аа. Удахгүй болох сар шинийн баяраараа
ураг төрлөөрөө эрүүл энх, эсэн мэнд учран золгохын мэндийг дэвшүүлье.
-Танд баярлалаа.