Нидерландад алтанзул цэцгийн нэгэн сортыг АНУ-ын тэргүүн хатагтайн нэрээр нэрлэжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
НЬЮ-ЙОРК. /Associated Press/. Нидерландад алтанзул цэцгийн нэгэн сортыг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены гэргий Жилл Байдены нэрээр нэрлэжээ.
Саглагар дэлбээ бүхий улбар шар “Жилл Байден” алтанзул цэцгийн баглааг АНУ-д суугаа Элчин сайд Андре Хаспелс Вашингтон хот дахь вант улсын дипломат төлөөлөгчийн газарт болсон уулзалтын үеэр Жилл Байденд бэлэглэсэн байна.
Уулзалтын үеэр АНУ-ын тэргүүн хатагтай өөрийнх нь нэрээр нэрлэсэн цэцгийг хоёр орны олон жилийн найрамдлын бэлгэ тэмдэг болоосой хэмээн хүсжээ.
Нидерландын түүхэнд долоон удаа АНУ-ын тэргүүн хатагтайн нэрээр алтанзул цэцгийн сортуудыг нэрлэжээ. Энэхүү хүндэтгэлийг хоёр удаа Ерөнхийлөгчөөр сонгогдож, АНУ-ын 22, 24 дэх Ерөнхийлөгч (1885-1889 ба 1893-1897) болж байсан Гровер Кливлендийн гэргий Фрэнсис Кливленд анх хүртэж байсан байна.
Жилл Байденаас өмнө хамгийн сүүлд АНУ-ын 43 дахь Ерөнхийлөгч бага Жорж Бушийн (2001-2009) гэргий Лаура Бушийн нэрээр энэхүү цэцгийн сортыг нэрлэж байжээ.