Хамгийн олон тэрбумтантай дэлхийн 10 хот
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
НЬЮ-ЖЕРСИ. /Forbes/. “Forbes” сэтгүүлээс гаргадаг хамгийн олон тэрбумтантай 10 хотын жагсаалтыг энэ жил Америкийн Нью-Йорк хот тэргүүлжээ. Дэлхийн тэрбумтнуудын 25 орчим хувь нь эдгээр хотод оршин сууж байгаа бол хөрөнгийнх нь хэмжээ нийлээд 2.8 их наяд ам.доллароос давж байна.
#1. Нью-Йорк
Өнгөрсөн оноос хойш Нью-Йоркийн тэрмбумтнуудын жагсаалтаас зургаан хүн хасагдсан хэдий ч тус хот тэрбумтнуудын нийслэл хэвээр байна. 101 тэрбумтан оршин суудаг энэхүү хотын хамгийн баян хүн нь 94.5 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Майкл Блүүмберг бол тэрбумтнуудынх нь хөрөнгө нийлээд 616.8 тэрбум ам.доллар болжээ.
#2. Хонконг
Жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн Хонконгод 70 тэрбумтан оршин сууж байна. Тус хотын тэрбумтнуудын эгнээнд хоёр хүн нэгдсэн нь сүлжээ зочид буудлын оператор компани “H World Group”-ын хамтран үүсгэн байгуулагч Жао Тонгтонг (1.3 тэрбум ам.долларын хөрөнгөтэй), Хонконгод бүртгэлтэй “Melco Resorts” казиногийн тэргүүн Лоуренс Хо (1.2 тэрбум ам. доллар) нар юм. Хамгийн чинээлэг оршин суугч нь Ли Шау Ки (29.5 тэрбум ам.доллароор үнэлэгдэх хөрөнгөтэй) аж. Тэрбумтнуудынх нь хөрөнгө нийлээд 286.8 тэрбум ам.доллар болж байна.
#3. Бээжин
Хятадын нийслэл Бээжин хот нь 2021 онд энэхүү жагсаалтыг тэргүүлж байсан бол 2022 онд хоёрдугаар байр луу ухарч, харин энэ жил гуравдугаарт бичигджээ. Бээжинд 68 тэрбумтан амьдарч байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн оныхоос 15-аар цөөрсөн үзүүлэлт юм. Хотын тэрбумтнуудын нийт хөрөнгө 247.2 тэрбум ам.доллар болжээ. Тэрбум ам.долларын хөрөнгөтэй байхаа больсон Бээжингийн оршин суугчдын нэг бол Жао Вейго юм. Хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн томоохон компани болох “Tsinghua Unigroup”-ын тэргүүн асан Жаог Хятадын зохицуулагч байгууллага авлигын хэрэгт буруутгажээ. “TikTok” аппликейшнийг эзэмшигч “ByteDance” компанийн үүсгэн байгуулагч Жан Иминий хөрөнгө (45 тэрбум ам.доллар) өнгөрсөн оныхоос 5 тэрбум ам.доллароор буурсан хэдий ч хотын хамгийн баян иргэн хэвээр байна.
# 4. Шанхай
Энэ жил жагсаалтын эхний 10-т багтсан Хятадын цөөн хотуудын нэг бол Шанхай юм. Шанхайн тэрбумтнуудын тоо өнгөрсөн оныхоос 4-өөр нэмэгдэж, 65 болжээ. Тэрбум ам.доллароор тоологдох хөрөнгөтэй шинэ оршин суугчид нь “ZongMu Technology” автомат жолоодлогын технологийн гарааны компанийг үүсгэн байгуулагч Тан Руи (1.5 тэрбум ам.долларын хөрөнгөтэй), цэцэрлэгийн багаж хэрэгслийн "Greenworks" компанийн тэргүүн Чен Инь (1.3 тэрбум ам.доллар), “Shanghai Chicmax Cosmetic” компанийн ерөнхий захирал Лю Исюн (1.1 тэрбум ам.доллар) нар юм. Харин цахим арилжааны томоохон компани болох “PPD Holdings”-ийг үүсгэн байгуулагч Колин Жэн Хуанг (30.2 тэрбум ам.доллар) одоогийн байдлаар хотын хамгийн баян иргэнд тооцогдож байна. Шанхайн тэрбумтнуудын хөрөнгө нийлээд 181,9 тэрбум ам.долларт хүрчээ.
# 5. Лондон
Их Британийн нийслэл Лондон хотын тэрбумтнуудын жагсаалтаас гурван хүн хасагдсан учир өнгөрсөн оны 4 дүгээр байраас ухарсан байна. Хотын хамгийн чинээлэг оршин суугч нь Лен Блаватник (32.1 тэрбум ам.доллар) болжээ. Тус хот нь 63 тэрбумтантай бөгөөд хөрөнгийнх нь хэмжээ нийлээд 294.9 тэрбум ам.доллар болсон байна.





