ОРХОН: Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээлийн хүсэлтийг авч эхэлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Монгол Улсын
Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал, аюулгүй байдал” үндэсний
хөдөлгөөнийг эрчимжүүлэх
ажлын хүрээнд УИХ-ын 2022 оны 6
дугаар сарын 17-ны өдрийн “Хүнсний хангамж,
аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоол гарсан.
Уг тогтоолын дагуу аймгийн ХХААГ хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих эргэлтийн болон хөрөнгө
оруулалтын зээлийн санхүүжилтыг арилжааны 10 банктай хамтран олгохоор ажиллаж байна.
Тодруулбал, газар тариалан, мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэлд эргэлтийн
хөрөнгийн зээл, газар тариалан, хүнс
болон хөнгөн үйлдвэрлэлд хөрөнгө оруулалтын зээл олгохоор хүсэлтийг нь авч эхэлжээ.
Улсын хэмжээнд арилжааны
банкуудаар дамжуулан 982 сая төгрөгийн зээл олгоно. Зээлийн жилийн
хүү нь эргэлтийн хөрөнгийнх 5 хувь, хөрөнгө оруулалтынх 6 хувь
байх ба үлдсэн 13 хувийн хүү нь зээлийн хүүгийн дэмжлэг болж байгаа гэж ХХААГ-ын дарга
Ж.Бат-Өлзий мэдээллээ.
Газар тариалангийн
салбарынхан https://plant.mofa.gov.mn/ сайтаар
зээл авах хүсэлтээ гаргах, мөн ХХААГ-т өргөдлөө өгөх юм.