ОРХОН: “Хамтдаа Эрдэнэтэд хөгжье” чуулган гурван өдөр үргэлжилнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр /МОНЦАМЭ/. “Хамтдаа Эрдэнэтэд хөгжье” хөрөнгө оруулалт, эдийн засгийн чуулган болж байна.
Уг чуулганаар Орхон аймгийн гадаад харилцааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдээлэл солилцох, Эрдэнэт хотын хөгжлийн гарц, шийдлийг тодорхойлоход чиглэж байгаа юм.
Чуулганд “Эрдэнэтэд хамтдаа хөгжих боломж, бизнесийн таатай орчин сэдвээр аймгийн Засаг дарга С.Батжаргал, “Хот хөдөөгийн сэргэлт” сэдвээр Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар, “Эдийн засгийн хөгжлийн гурвалсан түншлэл” сэдвээр ШУТИС-ийн профессор Ч.Баасандаш, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын өнгөрсөн одоо ба ирээдүй сэдвээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон нар илтгэл танилцууллаа.
Мөн “БНСУ-ын Нөү-хау, Барилга бүтээн байгуулалт болон Аж үйлдвэрийг Эрдэнэт хотод нутагшуулах” сэдвээр тус улсын “BK holding” группийн ерөнхийлөгч Пак Пён Чэ, “Хүүхдийн эрх ба бизнесийн зарчмууд” сэдвээр Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч ноён Эваристе Коуасси Комлан Эва нар зочин илтгэгчээр оролцлоо.
Аймгийн Засаг дарга С.Батжаргал хэлэхдээ, “Орхон
аймаг Эрдэнэт хот
нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 6.7 хувь, Хангайн бүсийн дотоодын
нийт бүтээгдэхүүний 49.1 хувийг хангаж, улсын төсөвт орлого төвлөрүүлдэг цөөн
аймгуудын нэг билээ. Бид Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр,
хууль тогтоомжийг орон нутагт амжилттай хэрэгжүүлэн ажиллаж, 2022 оны ажил, нийгэм эдийн засгийн үзүүлэлтээрээ Монгол Улсын шилдэг аймгаар
шалгарсан амжилтын мэдээг энэхүү индрээс дуулгахдаа баяртай байна. Энэ бол
Орхон аймаг, Эрдэнэт хотын 107 мянга гаруй нийт иргэд, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
тэргүүтэй татвар төлөгч 8000 гаруй аж ахуйн нэгж байгууллага, 4000 гаруй
төрийн албан хаагчид, Эрдэнэтийнхний хөдөлмөр, зүтгэл сэтгэлийн үр дүн
гэдгийг онцлон тэмдэглэе! Эрдэнэтийнхэндээ баярлалаа” гэсэн юм.
Чуулганы үеэр Орхон аймагт хэрэгжих боломжтой 36 төслийг танилцууллаа. Чуулган гурван өдөр үргэлжилнэ. Маргааш “Ухаалаг хот” болох зорилтын хүрээнд хийж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг танилцуулна.