ХОВД: Төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулахдаа иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд анхаарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-06-27 14:25:28

Жаргалант /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн ИТХ-ын 12 дугаар хуралдаан өнөөдөр болж байна.

Энэ удаагийн хуралдаанаар аймгийн 2023 оны батлагдсан төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал, бусад албан хаагчдад олгох цалин хөлсний нийтлэг жишиг тогтоох тухай зэрэг 10 гаруй илтгэл хэлэлцэж байна.

Хуралдааны эхэнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди үг хэлж, хурлын дотоод журам, зарим анхаарах асуудлыг танилцууллаа. Тэрбээр хэлэхдээ "Бид иргэдийн аюулгүй байдлыг хангах, амьдралын чанарыг дээшлүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна. Аймгийн 2023 оны батлагдсан төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх замаар нийт 7 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг өнөөдөр хуваарилж байна. Үүнээс 4.7 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил нь орон нутгийн хөгжлийн сангаар дамжин хэрэгжих юм. Бид төсвийн хөрөнгийг хэтэрхий жижиглэж, үр дүн багатай ажилд зарцуулахаас татгалзаж, томоохон асуудлыг цогцоор нь шийдвэрлэх чиглэлд анхаарал хандуулж байна.  


Тухайлбал, иргэдийн амьдрах орчныг сайжруулах, гэмт хэрэг, зөрчлөөс сэргийлэх үүднээс Ховд хотыг бүрэн камержуулна. Гэр хорооллын бүсэд гэрэлтүүлэг суурилуулах, айл өрхийг дэд бүтцийн шугам сүлжээнд холбох, шинэ суурьшлын бүс, үйлдвэрлэл технологийн паркийн бүтээн байгуулалт хийх, авто замын асуудлыг шийдвэрлэх зэрэг олон ажил төлөвлөж байна. Бараг 1 тэрбум орчим төгрөгийг зам засварын ажилд, тэр тусмаа хотын төвийн зам засварын ажилд зарцуулах гэж байна" хэмээв.

Хуралдаанд аймгийн ИТХ-ын 40 төлөөлөгчөөс нийт 29 төлөөлөгч оролцож, 70 гаруй хувийн ирцтэй үргэлжилж байна. Хурлын төлөөлөгчид хэлэлцэж буй асуудалтай холбоотой саналаа илэрхийлж, аймаг орон нутгийн зарим ажлыг сайжруулах, иргэдийн хөгжил, оролцоог дэмжихэд чиглэсэн бодлого төлөвлөлтийн талаар үзэл бодлоо хэллээ. Мөн зарим сум, байгууллагын дарга, холбогдох мэргэжилтнүүд хуралдаанд урилгаар оролцов.  



 

Связанные новости