Гамшгийн эсрэг эрт хариу арга хэмжээ авах үндэсний тогтолцоо бүрдэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад байгаль, цаг
уурын гамшгийн эсрэг, эрт хариу арга хэмжээ авахад өмнө нь туулсан туршлага,
мөн туршилт үйл ажиллагаа чухал хувь нэмэр болж буйг Монголын Улаан загалмайн нийгэмлэг (МУЗН)-ийн ерөнхий нарийн
бичгийн дарга Н.Болормаа хэлж байна.
Гарч болох эрсдлийг урдчилан
тооцохоос гадна, ялангуяа малчдын сэтгэл зүйг бэлтгэн ган, зуд зэрэг байгаль,
цаг уурын эрсдлийн бэлэн байдлыг хангахад эрт хариу арга хэмжээ авах нь хамгийн
оновчтой үйл ажиллагаа юм гэдгийг тэрбээр онцлон хэллээ.
Үүнийг Онцгой байдал,
Улаан загалмай нийгэмлэг зэрэг гамшгийн эсрэг байгууллагуудын сүүлийн 5 жилийн үйл
ажиллагааны туршлага харуулж буйг ГХЯ-нд өнөөдөр болсон “Монгол Улс дахь гамшгийн
эрт хариу арга хэмжээ, үйл ажиллагааны ирээдүй: Хамтдаа өргөжин тэлэх нь” сэдэвт
уулзалтаар хэлэлцэв.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж
ахуйн байгууллага (ХХААБ), МУЗН хамтран зохион байгуулсан уулзалтыг Монгол Улсын Шадар
сайд С.Амарсайхан нээж хэлэхдээ, манай улсад гарч болзошгүй, гарсаар байгаа
гамшгийн эсрэг, эрт хариу арга хэмжээ авахад туршлага, туршилт, хамтын үйл ажиллагаа чухал хувь нэмэр болж буйтай санал нэг байгаагаа
илэрхийлээд, өнгөрсөн жил зудын эрсдлийн үнэлгээг эрт 7-8 дугаар сард хийсэн жишээг дурдсан юм.
Гамшгийн эсрэг эрт хариу авах нь туршлага, туршилтаас үүдэлтэй үйл ажиллагаа юм.
Ингэснээр тэр хэмжээнд гарч
болзошгүй эрсдэл тодорхой хувиар буурсныг мэдээллээ. Энд малчдыг сэрэмжлүүлж,
орон нутгийн удирдлагад тодорхой үүрэг өгөх, олон улсын байгууллагуудын дэмжлэг
туслалцаа, зөвлөмжийг авах зэргээр хамтын ажиллагаа чухал байгааг үргэлжлүүлж, энэ талын тогтсон механизмыг бүрдүүлж байна. Гамшгийн
эсрэг эрт хариу арга хэмжээ авах үндэсний тогтолцоо бүрдэж байна гэв.
Уулзалтад НҮБ-ын ХХААБ-ын
суурин төлөөлөгч Винод Ахужа, мөн манай улсад ирэд буй Ази, Номхон далайн
бүсийн Гамшгаас урдчилан сэргийлэх албаны зохицуулагч, техникийн ажлын хэсгийн
ахлагч Катерин Жонес тэргүүтэй НҮБ-ын ХХААБ-ын хөтөлбөрийн ажилтан, гамшгийн
мэргэжилтнүүд зочдоор оролцсон юм.
Ажлын хэсгийн ахлагч
Катерин Жонес хэлэхдээ, гамшгаас
урдчилсан сэргийлж эрт хариу арга хэмжээ авах ажил нь туршлага туршилтаас үүдэлтэй
байдагтай санал нэг байна. Энэ нь гарч болзошгүй эрдслийг тооцон, хохирлыг багасгаж бууруулахад
бэлэн байх явдал юм гэдгийг тодотгон, энд тооцоо, судалгаа чухал байдаг гэдгийг
онцоллоо. Энэ талын үйл ажиллагааг Ази, Номхон далайн бүс нутгийн хэмжээнд Монгол Улс, Шри-Ланк зэрэг улс амжилттай хэрэгжүүлж буйг хэллээ.
МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, аливаа улс оронд хүмүүнлэгийн дипломат харилцааг хөгжүүлж, хамтран ажиллах явцад хамтын тулгарсан бэрхшээл гарч ирдэг. Харин манай улсын хувьд Улаан загалмай нийгэмлэг төр, засагтайгаа, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд болон улс орны хүмүүнлэгийн багтай идэвхитэй хамтран ажилладаг сайхан туршлагыг бид бүгд бий болгож чадсан. МУЗН 2015 оноос эхлэн цаг уурын урьдчилсан мэдээнд суурилсан санхүүжилтийн механизмыг бий болгох талаар Ус, цаг уур, орчны шинжилгээний газартай хамтран жил бүрийн 7-8 болон 11-12 дугаар сарын прогноз төлөв, ган, зуд болох нэн өндөр эрсдэлтэй бүсийн зураглалыг гаргаж эхэлсэн. Үүнд үндэслэн зудын эсрэг буюу ган зуданд өртөхөөс сэргийлсэн хариу арга хэмжээ авч ажиллаж байна
Мөн Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоодын Уур амьсгалын төв болон Гамшгийн хариу арга хэмжээ авах сантай хамтран анхны туршилт, үйл ажиллагааг явуулж ирснийг дурдаж, малчид ган, зуднаас урьдчилж тусламж авснаар хохирол багатай даван туулдаг нь нотлогдож байна гэв.
Цаашид эрт хариу арга хэмжээ авах үндэсний хэмжээний зохион байгуулалтыг илүү оновчтой болгох шаардлагатай байгааг өнөөдрийн зөвлөлдөх уулзалтаар хэлэлцэв.