“Henley Passport Index” жагсаалт шинэчлэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
odondarjaa@montsame.gov.mn
2023-07-20 11:28:59

ВАШИНГТОН. /henleyglobal/. “Henley & Partners” зөвлөх үйлчилгээ үзүүлэгч компани дэлхийн хамгийн олон орноор визгүй зорчдог паспорттой орнуудын жагсаалтаа шинэчлэн гаргажээ. Уг жагсаалтыг Сингапур улс тэргүүлсэн байна. 


Henley Passport Index” гэж нэрлэдэг энэхүү жагсаалтыг дэлхийн 227 чиглэлд зорчих мэдээлэлд тулгуурлан гаргадаг бөгөөд дэлхийн улс орнуудын паспортыг хэдэн орон руу визгүй зорчих боломжтойгоор нь эрэмбэлдэг.


Сингапурын паспорт эзэмшигчид дэлхийн 192 оронд визгүй зорчих боломжтой байна.


Жагсаалтыг 2018 оноос хойш тэргүүлж байсан Япон улс гуравдугаарт эрэмбэлэгджээ. Гуравдугаар байрт Япон улсаас гадна Австри, Финланд, Франц, Люксембург, Өмнөд Солонгос, Швед улс хамт бичигдсэн бөгөөд эдгээр улсын паспортыг эзэмшигчид 189 оронд визгүй зорчих боломжтой юм.


Хоёрдугаарт,  Герман, Итали, Испани улсууд бичигдсэн бөгөөд эдгээр улсын паспортоор дэлхийн 190 оронд визгүй зорчдог байна. 


“Henley & Partners” байгууллагын мэдээлснээр, Их Британийн паспортын индекс зургаан жилийн турш ухралттай байсны эцэст, байр сууриа хоёроор ахиулж, хамгийн сүүлд 2017 онд эрэмблэгдэж байсан дөрөвдүгээрт бичигдсэн байна.


Тэгвэл 184 оронд визгүй зорчих боломжтой АНУ-ын паспортын хувьд 10 жилийн уналт нь хэвээр үргэлжилсээр байгаа бөгөөд  хоёр байр ухарч, наймдугаар байрт жагсжээ.


Монгол Улсын паспортын хувьд дэлхийн 62 орон руу визгүй зорчих боломжтойгоор Африкийн Бенин улсын хамт жагсаалтын 77 дугаарт бичигдсэн байна.

Связанные новости