Дорноговийн чиглэлд Агуйт-Наран-Элгэний төмөр зам үерийн усанд угаагдсанаас хөдөлгөөнийг хязгаарлажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Говьсүмбэр, Төв аймгийн нутгаар орсон хүчтэй аадар борооны улмаас урд чиглэлийн Агуйт-Наран-Элгэн хоорондын 559 дүгээр км-т өчигдөр буюу долоодугаар сарын 25-ны 23.30 цагт төмөр замын ул шороо үерийн усанд угаагджээ.
Тиймээс тус хэсгийн галт тэрэгний хөдөлгөөнийг түр хязгаарлаж, замыг сэргээн засаж байгааг УБТЗ ХНН-ээс мэдээллээ. Нөхцөл байдалтай холбогдуулан Улаанбаатар-Сайншанд чиглэлийн зорчигчийн 286 дугаар галт тэрэг, Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн зорчигчийн 44 дүгээр галт тэрэг болон Сайншанд-Улаанбаатар чиглэлийн 285 дугаар галт тэрэг, Замын-Үүд–Улаанбаатарын чиглэлийн 275 дугаар галт тэрэгний хөдөлгөөнийг Агуйт, Наран-Элгэн зөрлөг дээр зогсоож, зорчигчдыг шилжүүлэн суулгаж, үргэлжлүүлэн аялуулах ажлыг зохион байгуулж байгаа аж.
Дээрх зөрлөгийн төмөр замаар зөвхөн зорчигчдын галт тэрэгнээс гадна транзит ачаа тээвэр дамжин өнгөрдөг тул төмөр замчид бүх хүн хүч, техникээ ашиглан шуурхай ажиллаж буйг мэдээллээ.