Мароккогийн хөлбөмбөгчин ДАШТ-д хижаб өмсөж оролцсон анхны тоглогч болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
АДЕЛАИДА. /ESPN/. Марокко улсын шигшээ багийн тоглогч Нухайла Бензина эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд /ДАШТ/ хижаб буюу толгойн алчуур зүүж оролцсон анхны тамирчин болжээ.
Хагас хамгаалагчийн байрлалд тоглодог Н.Бензина Өмнөд Солонгосын багтай хийсэн "H" хэсгийн хоёрдугаар тойргийн тоглолтод талбай дээр 90 минутыг өнгөрүүлжээ. Уг тоглолтод мароккочууд 1:0 онооны харьцаагаар өрсөлдөгч багаа хожсон байна.
Мэргэжлийн хөл бөмбөгийн тэмцээнүүдэд хижаб өмсөж оролцохыг FIFA 2012 онд зөвшөөрч, уг шийдвэр 2014 онд хэрэгжиж эхэлжээ.
Марокко улсын шигшээ баг Араб, Хойд Африкийн орнуудын багуудаас эмэгтэйчүүдийн ДАШТ-ий хэсгийн шатнаас шалгарсан анхны баг болсон байна.
Н.Бензина Мароккогийн Зэвсэгт хүчний "FAR" хөл бөмбөгийн клубт тоглодог байна. Тус баг нь улсынхаа эмэгтэйчүүдийн лигийн найман удаагийн аварга юм.
Долоодугаар сарын 30-ны өдрийн тоглолтуудын үр дүн:
Өмнөд Солонгос - Марокко - 0: 1;
Швейцар - Шинэ Зеланд - 0: 0;
Норвеги - Филиппин - 6:0;
Герман - Колумб - 1:2.