“iPhone 15” шинэ цэнэглэгчийн оролттой, титан хүрээтэй байх төлөвтэй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
ВАШИНГТОН. /CNBC/.
Америкийн “Apple” компани энэ намар ухаалаг гар утасныхаа
дараагийн загваруудыг танилцуулахаар бэлтгэж буй. Энэ жил танилцуулах “iPhone
15” загваруудад томоохон
шинэчлэлтүүдийг хийж магадгүй байна.
Тус компани нь “iPhone” гар утаснууддаа 2012 оноос хойш “Lightning” цэнэглэгчийг ашигласаар ирсэн бол “iPhone
15”, “iPhone 15 Plus” загварууд “USB-C” цэнэглэгч оролттой болно гэж “Bloomberg” агентлаг мэдээлжээ. Мөн эдгээр загвар нь
зэвэрдэггүй ган хүрээний оронд титан хүрээтэй худалдаанд гарах төлөвтэй байна.
Ингэснээр бага зэрэг хөнгөн болж магадгүй.
“USB-C” нь “Android” гар утаснуудаас эхлээд “Apple”-ийн ихэнх “iPad”, мөн “Amazon”-ы “Kindle” зэрэг сүүлийн үеийн төхөөрөмжүүдэд ашиглагдах болсон юм. Энэ нь
хэрэглэгчид өөрийн бүх төхөөрөмжөө цэнэглэхийн тулд нэг л цэнэглэгч авч явах
боломжтой гэсэн үг.
Европын Холбооны гишүүн орнууд ухаалаг төхөөрөмжүүдийг нэг төрлийн цэнэглэгчтэй болгох хуулийг өнгөрсөн оны эцсээр эцэслэн баталсан билээ. Энэхүү баримт бичгийн дагуу 2024 он гэхэд гар утас, таблет зэрэг электрон төхөөрөмжүүд “USB-C” цэнэглэгч оролттой болох шаардлагатай юм. Өөрөөр хэлбэл, “Apple”-ийн “Lightning” цэнэглэгч зарим зах зээлд ашиглагдахгүй болно.
“Apple” компанийн олон улсын маркетинг хариуцсан дэд ерөнхийлөгч Грег Жосвиак өнгөрсөн 10 дугаар сард болсон “The Wall Street Journal Tech Live” арга хэмжээний үеэр “Бид холбогдох дүрэм журмыг мэдээж дагаж мөрдөх болно” хэмээн хэлж байжээ.
“Apple” мөн “iPhone Pro” загварын гар утаснуудынхаа үнийг өсгөх талаар эргэцүүлж байна хэмээн “Bloomberg” мэдээлсэн байна. 2019 оноос хойш тус компани “iPhone Pro” загваруудаа АНУ-д 999 ам.доллароос, том дэлгэцтэй “Max” загваруудаа 1099 ам.доллароос эхлүүлэн худалдаалж байгаа юм.