АНУ-д “Galaxy Note 7”-г худалдахыг албан ёсоор хориглов
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИНВАШИНГТОН. /Xinhua/. Өмнөд Солонгосын “Samsung” корпорацийн үйлдвэрлэсэн “Galaxy Note 7” ухаалаг гар утасны батарей дэлбэрч, шатсан тохиолдол цөөнгүй гарсантай холбогдуулан уг гар утсыг зах зээлээс эргүүлэн татахыг АНУ-ын Засгийн газар пүрэв гарагт албан ёсоор үүрэг болгожээ.
АНУ-ын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах комиссын мэдэгдсэнээр, пүрэв гарагийг хүртэлх хугацаанд борлуулагдсан нэг сая орчим “Galaxy Note 7”-г ч мөн эргүүлэн татах аж.
Тус газраас гаргасан анхааруулгад “хэрэглэгчид уг гар утсыг ашиглаж, цэнэглэхгүй байх хэрэгтэй. 2016 оны есдүгээр сарын 15-наас өмнө борлуулсан “Galaxy Note 7” гар утсуудыг ч мөн адил эргүүлэн татаж байна” гэжээ.
АНУ-д борлуулагдсан “Galaxy Note 7” утас хэт халсан 92 тохиолдол, тэдгээрийн дотор шатсан 26, үүний улмаас эд хөрөнгөд хохирол учирсан 55, тодруулбал, машин болон гараашид гал гарсан тохиолдлууд бүртгэгдсэн” гэдгийг дээрх мэдэгдэлд дурдсан байна.
Өмнөд Солонгосын тус компани өнгөрсөн наймдугаар сард “Galaxy Note 7”-г худалдаанд гаргаснаас хойш дэлхийн хэмжээнд 2.5 сая орчмыг борлуулаад байгаа ажээ.
Г.Доржханд