Ил тод, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-10-10 17:16:17

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. “Mining Week”  чуулга уулзалт өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.


Энэ жилийн чуулга уулзалт ил тод, хариуцлагатай уул уурхайн хөгжлийг чухалчилж буйгаараа онцлогтой. Эрдэс баялгийн салбар дахь хариуцлагыг нэмэгдүүлж, босгыг өндөрсгөх, байгаль орчны нөхөн сэргээлтийг олон улсын жишигт хүргэх, нийгмийн зөвшөөрөлтэй салбар болох, олон нийтийн итгэлийг олох өргөн агуулга дор ийнхүү үргэлжилж байгаа юм. Уул уурхайн үйл ажиллагаанаас үүдсэн эрсдэл, сөрөг нөлөөллийг бууруулах, хууль бусаар ашигт малтмал олборлох хор уршгийг таниулах, үүнээс сэргийлэх, орон нутгийн харилцааг шинэ түвшинд гаргах зэрэг сэдвээр үндсэн илтгэлүүд тавилаа.


“Хариуцлагатай уул уурхайг Монголд нутагшуулах нь” салбар хэлэлцүүлгийг Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа чиглүүлэв. Тэрбээр илтгэлдээ “Хайгуул эхлэхээс уурхайг хаах хүртэл хариуцлагатай байх ёстой. Улс орны хувьд үр өгөөжөө өгөх учиртай. Байгаль орчин, хүний эрүүл мэндэд хохиролгүй байх ёстой. Энэ бүх олон талт цогц шийдлийг хариуцлагатай уул уурхай гэж үзнэ” хэмээн онцолсон юм.


Эдийн засгийн тэргүүлэх салбарт сүүлийн жилүүдэд хариуцлага хамгийн ихээр дурдагдах болсон. Шавхагддаг байгалийн давтагдашгүй нөөцийг зүй зохистой ашиглаж, үр өгөөж, үнэ цэнийг нэмэгдүүлэх, нөхөн сэргээж, хойч үедээ өвлүүлэх асуудлыг хөгжлийн зорилт болгон “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тодорхойлжээ.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Mining Week” арга хэмжээг өчигдөр нээж үг хэлэхдээ “Уул уурхайн салбарын нээлттэй, ил тод байдлыг сайжруулах, орлогоосоо хуримтлал үүсгэх, зам, тээвэр-логистик, эрчим хүч, усан хангамж зэрэг суурь дэд бүтцийг хөгжүүлэх, салбарын бүтээмж, өрсөлдөх чадварыг сайжруулах зэрэг олон чухал асуудлыг шийдвэрлэх ёстой” хэмээн захисан.


Уул уурхайн салбарт орон нутгийн харилцаа ихээхэн хичээл зүтгэл, цаг хугацаа, хүч хөдөлмөр шаарддаг. Дэлхийн уул уурхайн салбарт тулгамдаж буй гол асуудал байгаль орчин, нийгмийн зөвшөөрөл. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхгүй бол орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй ямар ч компани нүүр тулна. Үүнийг тойрох зам нь хариуцлага. “Mining Week” уул уурхайн нэгдсэн арга хэмжээ хариуцлагыг төлөвшүүлэх, “Хариуцлагатай уул уурхайн кодекс”-ийг компаниуд үйл ажиллагаандаа нэвтрүүлж цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэх, нэр хүндээ ч хадгалах төдийгүй нийгмийн зөвшөөрөл авах тэрхүү боломж бүрдэхээр байна.

Связанные новости