ТӨВ: “Миний нутаг-2023” 14 хоногийн аян үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-11-09 19:39:45

Зуунмод, 2023 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Төв аймгийн хэмжээнд "Миний нутаг-2023" 14 хоногийн аяныг энэ сарын 6-17-ны өдрүүдэд Төв аймгийн нутгийн Залуучуудын холбоо, аймгийн Боловсрол шинжлэх ухааны газар хамтран зохион байгуулж байна.


Тус аяны хүрээнд 4, 5 дугаар ангийн сурагчдын дунд “Миний нутаг 2023” хүүхдийн уран уншлагын наадам, 6-9 дүгээр ангийн сурагчдын дунд “Хэнз хурга-2023” хүүхдийн яруу найргийн наадам, 10-12 дугаар ангийн сурагчдын дунд “Бидний мэдэх Д.Нацагдорж” эсээ бичлэгийн уралдаан зарласан байна.


Мөн 1-12 дугаар ангийнхны дунд “Од-2023” гар зургийн уралдааныг зарласан бөгөөд энэ нь Д.Нацагдоржийн зохиол, бүтээлээс сонгосон байх аж.


Тус аяны хаалт нь энэ сарын 17-ны өдөр болох бөгөөд тус өдөр Зуунмод хотын Монгени 5 дугаар сургууль дээр шилдгүүдээ шалгаруулна.

 

Энэхүү аян нь Орчин үеийн утга зохиолын үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 117 жилийн ойг угтаж зохиолчийн уран бүтээлийг таниулах, ном унших сэдэл, тэмүүлэл төрүүлж, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэн уран яруугаар бодол санаагаа илэрхийлж сурах зорилготой аж.

 

Связанные новости