ТӨВ: Эрдэнэ суманд 15 ортой эрүүл мэндийн төвийн шинэ барилгыг ашиглалтад орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-11-17 17:44:35

Зуунмод, 2023 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Эрдэнэ суманд 2022 оны 9 дүгээр сард барилгын ажлаа эхлүүлж байсан Эрдэнэ сумын эрүүл мэндийн төвийн барилгын ажил бүрэн дуусаж өнөөдөр ашиглалтад оруулав.

 

Эрүүл мэндийн магадлан итгэмжлэлийн стандартад нийцсэн барилгыг улсын төсвийн 2,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Барилга менежмент" ХХК хийж гүйцэтгэсэн байна.

 

Тус төвд Эрүүл мэндийн яам, УИХ-ын гишүүд, аймаг, орон нутгаас дэмжлэг үзүүлж, биохимийн шинжилгээний аппарат, төрөх эмэгтэйчүүдийн ор, яаралтай түргэн тусламжийн багц, хамгаалах хувцас хэрэгсэл, пульсоксиметр, зайнаас халуун хэмжигч зэрэг нэн чухал эмнэлгийн хэрэгслийг хүлээлгэн өгчээ.  

 

Мөн Эрдэнэ сумын Эрүүл мэндийн төвийг цаашдаа зүүн бүсийн оношилгоо, эмчилгээний төв болгохоор шийдэн, шүдний кабинет байгуулж үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.

 

Эрүүл мэндийн төвийг ашиглалтад оруулснаар нутгийн иргэд аюулгүй, тохилог, ая тухтай орчинд эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, хурдан шуурхай авах боломжтой болж буйг онцлов.

 

Сүүлийн жилүүдэд аймгийн хэмжээнд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж 84 барилга байгууламж шинээр барьж, 148 барилгад их засварын ажлыг хийж гүйцэтгэжээ.


Үүний ихэнх хувийг нийгмийн салбарын /эмнэлэг, сургууль, цэцэрлэг, соёл спортын төв/ барилга байгууламжууд эзэлж байгаа юм.


Иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлж зургаан суманд Эрүүл мэндийн төв шинээр барьж байгуулсан бол 20 гаруй эмнэлгийн барилгад их засвар хийж, техник, тоног төхөөрөмжийг үе шаттай шинэчилж байна.


 

Связанные новости