Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулган 9 дэх удаагаа болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
boloroo8136@gmail.com
2023-11-27 16:08:48

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. МУИС-ийн Бизнесийн сургуулийн санаачилгаар зохион байгуулж буй “Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулган-2023” 2023 оны 11 дүгээр сарын 30-нд болно. Уг чуулганаар хэлэлцэх асуудал, ач холбогдлын талаар МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, Бизнес консалтинг төвийн эрхлэгч, доктор, дэд профессор Ө. Гэрэлт-Одоос тодрууллаа.


-Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулганыг анх ямар зорилгоор зохион байгуулж байв?

-2014 оноос МУИС-ийн Бизнесийн сургуулийн санаачилгаар Монголын Энтрепренерүүдийн Нэгдсэн чуулганыг зохион байгуулж байна. Монгол Улс дахь ногоон бизнесийн санхүүжилтийн боломжууд, ногоон санхүүжилт олж авах, хууль эрх зүйн хүрээнд тулгарч буй бэрхшээл, тогтвортой ногоон бизнесийг  хөгжүүлэх боломж, стратеги  тэдгээрийг шийдвэрлэх арга замуудыг илрүүлж, бодлого боловсруулагчдад хүргүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. 


-Өнгөрсөн жилүүдийн чуулганаар ямар асуудал хэлэлцэв?

-Бид 2014, 2015 оны чуулганаар Энтрепренерийн талаар ойлголтыг нийгэмд түгээх, Энтрепренерийг хэрэгжүүлж буй олон улсын туршлагаас суралцах, оюутан, залуучууд, гарааны бизнес эрхлэгчдийн энтрепренер сэтгэлгээг хөгжүүлэх, бизнес эрхлэх ур чадварыг нэмэгдүүлэх, Энтрепренерийн боловсрол түгээх төрийн болон ТББ, их дээд сургууль, энтрепренерүүдийн оролцоог нэмэгдүүлэх, харилцаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах чиглэлд түлхүү анхаарч уралдаан тэмцээн, сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан.

Харин 2016 оны чуулганаар олон улсад гарааны бизнесийн тогтвортой экосистемийг бүрдүүлж буй туршлагыг судалсны үндсэн дээр олон улсын жишгийн дагуу Монгол Улсад Энтрепренерийн Эко системийн 5+1 бүрэлдэхүүн хэсгүүд /Соёл, Авьяас, ур чадвар, Нягтрал, Хууль эрх зүй, Санхүү/хөрөнгө, Харилцаа холбоо/, Монгол Улсын тэргүүлэх салбарууд болох хөдөө аж ахуй, аялал жуулчлал, уул уурхайн салбаруудад гарааны бизнесийг хэрхэн хөгжүүлэх талаар тус тус хэлэлцсэн. 

2017-2019 оны чуулганыг гарааны бизнесийн тогтвортой эко системийг хөгжүүлэх бүрэлдэхүүн хэсгүүдийн нэг болох Нягтрал, Авьяас ур чадвар, Соёл дэд сэдвүүдийн хүрээнд зохион байгуулсан. 

2020 онд ковидын нөхцөл байдлаас болж Энтрепренерийн чуулган зохион байгуулагдаагүй. 2021 оны чуулганыг Хөрөнгө Оруулалт-Санхүүжилт сэдвийн дор Монгол Улс дахь гарааны бизнесийн санхүүжилт боломжууд, хууль эрх зүйн хүрээнд тулгарч буй бэрхшээл, тэдгээрийг шийдвэрлэх арга замуудыг илрүүлж, бодлого боловсруулагчдад хүргэсэн. Тус чуулганаар Монгол Улс дахь гарааны бизнест санхүүжилт авах боломж, гарааны бизнест хөрөнгө оруулахад тулгарч буй бэрхшээл, гарааны бизнесийн үнэлгээ, олон улсад гарааны бизнесийг санхүүжүүлэх, хөрөнгө оруулахад хэрэгжүүлж буй сайн туршлага, Монгол Улсад хэрэгжүүлэх боломж, оюутан залууст гарааны бизнес эхлүүлэх, өргөжүүлэх сэдэл, урам зориг өгөх, гарааны бизнес эрхлэгч залууст бизнесээ өргөжүүлэх мэдлэг, мэдээлэл өгөх талаар санал солилцож, зохих шийдвэрт хүрсэн. 

2022 оны чуулганаар “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриан дор  Хүнсний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжийн хүрээнд хүнс үйлдвэрлэлийн бизнес загварыг хөгжүүлэх боломж, туршлага сэдвийн дор зохион байгуулсан. Энтрепенерүүдийн Эко системд оролцогч талуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх,  хүнсний салбарын тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргах, хүнс үйлдвэрлэлийн бизнес загварыг хөгжүүлэх, зөвлөх үйлчилгээг үзүүлэх, төр, энтрепренерүүд хүнсний чиглэлээр бизнес эрхлэгчид, их дээд сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ЖДҮ эрхлэгчдэд бизнесээ өргөжүүлэх сэдэл болоод мэдлэг мэдээлэл өгөх, харилцаа холбоог өргөжүүлэх, туршлага солилцох талаар тус тус хэлэлцсэн. 

Ийнхүү бид өнгөрсөн 8 удаагийн чуулганаар Монгол Улсад энтрепренер, гарааны бизнесийн таатай Экосистемийг бүрдүүлэх зорилгоор суурь ойлголтуудыг өгөх, олон улсын жишгийг танилцуулах, Монгол Улсын өнөөгийн энтепренерүүдийн хөгжлийн талаар мэдээлэл өгөх, төрийн байгууллага, ТББ, их дээд сургууль, гарааны бизнес эрхлэгчид, хүнсний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуй нэгжүүдийг нэг зүгт чиглүүлэх ажлыг үе шаттай хийж ирсэн.


-Энэ удаагийн чуулганыг ямар сэдвээр явуулах вэ. Энэ хүрээнд ямар асуудлыг хөндөх вэ?

-Энэ удаа “Ногоон Бизнес-Тогтвортой Хөгжил” уриан дор "Ногоон бизнес загварыг хөгжүүлэх боломж, туршлага" сэдвийн хүрээнд ээлжилт чуулганаа зохион байгуулна. Энэ хүрээнд ногоон бизнес, ногоон технологийг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа эрхлэдэг сургалт, судалгааны байгууллага, бизнес эрхлэгчид, санхүү, хөрөнгө оруулалт, зөвлөх үйлчилгээний байгууллагуудтай  хамтран ажиллана.

Тус чуулган нэгдсэн чуулган, туршлага солилцох уулзалт, зөвлөн туслах үйл ажиллагаа гэсэн бүрдэл хэсгүүдтэй байх юм. Нэгдсэн чуулганд сэдвийн хүрээнд илтгэл тавих, Ногоон бизнес, технологийн энтрепренерүүдийн танилцуулга, үзэсгэлэнд оролцох, Ногоон бизнес, технологийн энтрепренерүүдийн төслийн танилцуулгыг хөрөнгө оруулагчид болон бизнес эрхлэгчдэд танилцуулан хөрөнгө оруулалт татах болон технологийн зөвлөхүүдээс зөвлөгөө авах боломжтой.


-Ямар байгууллагууд оролцох вэ?

-Чуулганд Банк, санхүүгийн байгууллагууд, Гарааны бизнес эрхлэгчид, Бодлого болосвруулагчид, Их дээд сургуулиудын удирдлага, багш, судлаачид, оюутнууд, Ногоон бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын төлөөлөл, олон улсын байгууллагууд оролцоно.


-Энэ удаагийн чуулганаас ямар үр дүн хүлээж байна вэ?

-Ногоон бизнес эрхлэгчид бизнесийнхээ өсөлт, хөгжилд томоохон хувь нэмэр оруулах боломжтой менторууд, хөрөнгө оруулагч нартай харилцаа холбоо тогтоох, Ногоон бизнест хөрөнгө оруулах, ногоон бизнесүүд өөрийн бизнесийг үнэлж санхүүжилт авахад шаардлагатай мэдлэг, мэдээлэл авах, харилцаа холбоо тогтоох, ирээдүйн бизнесийн хамтрагчаа олох боломжтой.




Связанные новости