ТӨВ: Шинжлэх ухаан, технологи, инновацыг орон нутагт нутагшуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-01-12 10:22:45

Зуунмод 2024 оны нэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Боловсрол, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухаан технологийн сан, Монгол Улсын Шинжлэх ухааны академиас “Шинжлэх ухаан, технологи, инновацийг орон нутагт нутагшуулъя” аяныг Төв аймагт зохион байгуулж байна.

 

Тус аян нь шинжлэх ухаан, технологи, инновацийн ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, мэдээллийн технологийн боломжийг таниулах, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх чиглэлд орон нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой аж.

    

Аяны хүрээнд олон талт үйл ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд Шинжлэх ухаан, технологийн сангаас “Бүс нутгийн хөгжилд инновац, технологийн үзүүлэх нөлөө” бодлогын хэлэлцүүлгийг өрнүүлж байгаа юм.

 

Хэлэлцүүлэг үндсэн илтгэлээс гадна "Орон нутгийн хөгжил", "Түүхэн аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэл", "Хөдөө аж ахуйн хөгжил" гэсэн салбар хэлэлцүүлгээр үргэлжилж байна.

 

Боловсрол, шинжлэх ухааны яамны Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацын хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, доктор, дэд профессор Д.Баттогтох “Шинжлэх ухаан, технологийн бодлого ба түүнд суурилсан хөгжлийн бодлого” сэдвээр мэдээлэл хийв.  


Өнөөгийн байдлаар Монгол Улсад Эрдэм шинжилгээ судалгааны байгууллагын тоо 71 байдаг бөгөөд 30 байгууллага нь төрөлжсөн судалгаа хийдэг, эдгээр байгууллагуудад нийт 5085 судлаач ажилладаг боловч бүтэн цагаар ажилладаг 1350 хүн байдаг аж. Иймд эрдэм шинжилгээний ажилтанг нэмэх шаардлагатай гэдэг статистик мэдээлэл байгаа юм.


Доктор Д.Баттогтох ярихдаа, "Өнгөрсөн 100 жилийн хугацаанд эрдэмтэд олон зүйлийг туршиж, хийж, хэрэгжүүлж байна. Жишээлбэл, Монгол хүн сансарт ниссэн, персонал компьютер угсарсан. Мөн химийн салбарын эрдэмтдийн туршилт, судалгаагаар Монголын үндэсний үйлдвэрлэл, тэр дундаа эм, эмийн үйлдвэр, хүнсний үйлдвэрт бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд нь хувь нэмрээ оруулсан. Түүнчлэн археологийн олдвор, биологийн олон янз байдал, экосистем, биологийн нөөц, ургамлын аймаг, ургамалжилт, ландшафт, газар ашиглалт, геологи, байгалийн нөөц зэргийг нээж, судлах ажлыг хийж гүйцэтгээд байна. Аймаг ч байсан, сум ч байсан шинжлэх ухаандаа хөрөнгө оруулалт хийх нь урт хугацаанд эдийн засгийн өсөлтийг авч ирнэ” гэв.


Энэ үеэр ахуйн хэрэглээ, малын тэжээл, эмчилгээний бүтээгдэхүүн, био бэлдмэл, гоо сайхан, мэдээллийн технологи, уламжлалт эм тан, үр сортууд, хонь хяргах явуулын төхөөрөмж, утаагүй зуух, ноолуур сүлжмэл эдлэл зэрэг 200 гаруй бүтээгдэхүүний үзэсгэлэн дэлгэв. Мөн 20 орчим эрдэм шинжилгээний байгууллага, гарааны компаниуд эрдэм шинжилгээний ажлын үр дүнд бий болсон инновацын бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулж байна.    


Связанные новости