ХОВД: 16 дугаар цэцэрлэг стем хэрэглэгдэхүүнийг үйл ажиллагаандаа нэвтрүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2024 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Сургалтын
байгууллагын менежментийг сайжруулах зорилтын хүрээнд сургуулийн өмнөх боловсролын
чанарыг сайжруулах, бүтээлч чадамжтай цэцэрлэгийн загварыг хөгжүүлэх ажил үргэлжилж байна.
Дээрх
үйл ажиллагаанд Ховд аймгийн Жаргалант сумын 16 дугаар цэцэрлэг сонгогдсон
бөгөөд 2023 онд цэцэрлэгийн менежмент,
өөрийн үнэлгээ, төлөвлөлт хийх арга зүйн талаарх сургалт, зөвлөн туслах үйл
ажиллагааг үр дүнтэй зохион байгуулснаар хүүхдийн хөгжлийг дэмжих, сургалтын
орчныг сайжруулахад эцэг эхийн оролцоог нэмэгдүүлж чаджээ.
Үүнээс
гадна тус цэцэрлэгийн 33 багш, ажилтанг давхардсан тоогоор 417 удаагийн
сургалтад хамруулах замаар хүний нөөцийг чадавхжуулсан байна.
Мөн
эцэг эхийн дэмжлэгтэйгээр бичил номын сан, хөл бөмбөгийн талбай зэргийг бий
болгосон ба Боловсрол шинжлэх ухааны яамнаас хүүхдийг шинжлэх ухаан, технологи,
инженер, математикд сонирхолтой болгох үүднээс 17 сая төгрөгийн өртөг бүхий СТЕМ тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүнийг
тус цэцэрлэгт олгожээ.
Тус
цэцэрлэгийн сургалт хүмүүжлийн үйл ажиллагаандаа гарсан ахиц дэвшил, сайн
туршлагыг бусад цэцэрлэгт түгээн дэлгэрүүлж, цэцэрлэгийн менежментийн загварыг туршин
хэрэгжүүлэхэд зөвлөн туслах, байгууллагын стратеги болон гүйцэтгэлийн
төлөвлөгөө хийхэд арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилго бүхий дөрвөн өдрийн сургалт,
үйл ажиллагаа Ховд аймагт болж байна.
Тус
сургалтын зохион байгуулагчаар Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газар, Ховд аймгийн Боловсрол шинжлэх ухааны газар, Жаргалант сумын 16 дугаар цэцэрлэг хамтран ажиллаж буй.
Уг сургалтад Ховд аймгийн 22 цэцэрлэг танхимаар, 11 цэцэрлэг цахим хэлбэрээр оролцлоо. Энэ
үеэр сургуулийн өмнөх боловсролын байгууллагын стратеги төлөвлөлт, гүйцэтгэлийн
төлөвлөгөө боловсруулах чиглэлээр мэдээлэл солилцон, дадлага ажил хийв.